Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн хүрээнд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан иргэдийн саналыг хуульд заасан хугацаанд буюу 2026 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авч дуусгалаа.
Аймаг, сумдын Сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд 65 хэсэгт нийт 495 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Үүний дагуу хэсгийн хороодын гишүүд 113 чиглэлд ажиллан, сонгогчдын байгаа газарт нь очиж санал авсан байна Үр дүнд нь нийт 465 сонгогч буюу хүсэлт гаргасан иргэдийн 93.9 хувь нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгчээ. Харин 19 сонгогч бүртгэлтэй хаяг дээрээ байгаагүй бол 11 сонгогч бусад шалтгааны улмаас саналаа өгч чадаагүй байна. Сонгуулийн хуульд заасны дагуу санал авах байр нээгдэх үед зөөврийн саналын хайрцгийн битүүмжлэлийг нээж, уг хайрцгаар өгсөн саналын хуудсуудыг санал тоолох төхөөрөмжид уншуулан тоолох юм. Энэ удаагийн нөхөн сонгуулиар 5 аймгийн 9 суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатын төлөө, мөн 15 аймгийн 33 суманд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандатын төлөө сонгууль явагдаж байгаа бөгөөд улсын хэмжээнд 16 аймгийн 71 хэсэгт нөхөн сонгууль зохион байгуулагдаж байна.