Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүн санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар танилцуулав.
Хуулийн төслийн үзэл баримтлал, хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Ц.Баатархүү, М.Ганхүлэг, Б.Хэрлэн нар асуулт асууж, хууль санаачлагчаас хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд ойн баялгийг эдийн засгийн эргэлтэд зөв оруулах, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төрөл, мэргэжлийн шалгуурыг тодорхой болгох, хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хушны самарны ашиглалт, мөн хушин ойн нөхөн сэргээлтийг хушны тарьц суулгацаар хийх, ойн амьтны экологийн корридор гаргах, мөн дуудлага худалдааны зохицуулалтыг муутгахгүй байх, ойн сангийн хамгаалалтыг хот айлын нөхөрлөл хариуцахаар зохицуулж буй нь Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, тэдний чиг үүрэг, зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Мөн хууль батлагдсанаар ойн сан бүхий сум, суурин газрын модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд хэрхэх талаар тодорхой асуулт асууж асууж, хариулт авав. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.