Лондон хотын гудамжинд зэрэгцүүлэн байрлуулсан хоёр тунгалаг үнсний саванд тамхины иш ээлжлэн нэмэгдсээр байлаа. Хүмүүс тамхиныхаа ишийг хаяхдаа “Месси юу, Роналдо юу” гэсэн асуултад саналаа өгч байсан нь тухайн үеийн хөлбөмбөгийн хамгийн том өрсөлдөөнийг бэлгэдэж байв. Энэ явдал 2015 онд болсон бөгөөд хоёр супер одын өрсөлдөөн ямар хэмжээнд хүрснийг дэлхий дахинд харуулсан билээ.
Лионель Месси, Криштиану Роналдо хоёрын хэн нь агуу вэ гэсэн маргаан хөгжөөн дэмжигчдийг өнөө хэр талцуулсаар байдаг. Гэхдээ үүнээс сонирхолтой нэг статистик байдаг нь тэд ДАШТ-д хэзээ ч хоорондоо тоглож байгаагүй бөгөөд үндэсний шигшээ багийн түвшинд ердөө хоёрхон удаа, нөхөрсөг тоглолтод учраа таарсан байдаг. ДАШТ-ий хамгийн эхний тоглолтоо хийхээр 2006 онд Германд ирэхдээ Роналдо 21, Месси 18 настай байлаа. Үүнээс хойш 20 жилийн турш спортдоо үнэнч байж өнөө жил зургаан удаа дараалан ДАШТ-д оролцож буй анхны хөлбөмбөгчидийн дүрээр ирээд байгаа юм. Харин 2026 оны ДАШТ-т тэднийг болон хөгжөөн дэмжигчдийг нэгэн гэнэтийн бэлэгтэй угтсан нь хэсгийн шатны сугалаагаар Месси, Роналдо хоёр хоорондоо тоглох боломж бүрдсэн явдал билээ. Энэ тоглолтыг зөвхөн хөлбөмбөг сонирхогчид гэлтгүй дэлхий даяараа чих тавин хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй ээ.
Харин 2026 оны ДАШТ Португалын хувьд төдийлөн дардан эхэлсэнгүй. Хьюстон хотод болсон K хэсгийн эхний тоглолтод Португал Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай 1:1-ээр тэнцэж, Роналдо болон түүний багийнхан сэтгэл гонсойлгосон үр дүнтэй эхлэл хийлээ. Роналдо энэ тоглолтоор ДАШТ-ий түүхэнд гараанд гарсан хамгийн ахмад тоглогч болсон ч гоол оруулж чадсангүй. Ингэснээр Португалын шигшээ Узбекистан, Колумбын эсрэг үлдсэн тоглолтуудаасаа заавал оноо авах шаардлагатай болж байна. Гэхдээ тэнцэнэ гэдэг муу үр дүн биш бөгөөд хэсгээсээ нэгдүгээр байраар гарах боломж нь хэвээр үлдэж байгаа юм.
- ХАМГИЙН БОЛОМЖИТ ХУВИЛБАР НЬ ШӨВГИЙН НАЙМД ТААРАХ-
Месси, Роналдо хоёрын энэ ДАШТ-д хоорондоо учраа таарах хамгийн өндөр магадлалтай хувилбар нь шөвгийн наймын шат юм. Үүний тулд Аргентин, Португалын шигшээ багууд хэсгээ тус бүр тэргүүлэн хасагдах шатанд шалгарах шаардлагатай.
- Аргентин J хэсэгт Австри, Алжир, Иорданы шигшээ багуудтай багтсан бол
- Португал K хэсэгт Узбекистан, Колумб, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын багуудтай нэг хэсэгт орсон.
Эдгээр багуудыг хожиж, хоёр баг хоёулаа хэсгээ тэргүүлж чадвал шөвгийн 32 болон шөвгийн 16-гын шатны тоглолтуудаа даван гарах ёстой болно. Тэдгээр шатанд ямар багуудтай тоглох нь одоогоор тодорхойгүй ч тооцоолсноор хэсгийн гуравдугаар байраар шалгарсан багуудтай таарах магадлал өндөр байгаа юм. Бүрэлдэхүүн, туршлага, чансааны хувьд Аргентин, Португал хоёрын аль аль нь өрсөлдөгчөө давж, шөвгийн наймд шалгарах магадлалтай багуудын тоонд багтаж байгаа билээ.
- ФИНАЛД ТААРАХ ХОЁР ДАХЬ ХУВИЛБАР -
Португал, Аргентин хоёр финалд шалгарч чадвал энэ нь ямар ч киноноос дутахааргүй түүхэн мөч болох нь гарцаагүй. Opta-гийн супер компьютерийн тооцооллоор Аргентин дэлхийн аваргын финалд хүрэх магадлал 17.15 хувь, Португалынх 14.4 хувь байна гэжээ. Тэгвэл Месси, Роналдо хоёр финалд учраа таарахын тулд хоёр баг хасагдах шатны хүснэгтийн эсрэг талуудад байрлах шаардлагатай юм. Өөрөөр хэлбэл, нэг нь хэсгээ тэргүүлж, нөгөө нь хоёрдугаар байраар шалгарвал тэдний замнал салж, зөвхөн финалд уулзах боломж бүрдэнэ. Боломж байгаа хэдий ч финал хүрэх зам маш урт гэдгийг бас мартаж болохгүй. Онолын хувьд хоёр баг хоёулаа хэсэгтээ гуравдугаар байр эзлээд шилдэг гуравдугаар байраар хасагдах шатанд шалгарч, цааш ялсаар финалд хүрэх боломж ч бий. Гэвч энэ нь хамгийн бага магадлалтай хувилбаруудын нэг юм.
- ШӨВГИЙН 16-Д ТААРЧ ТОГЛОХ ГУРАВ ДАХЬ ХУВИЛБАР -
Месси, Роналдо хоёрын шөвгийн 16-д учраа таарах магадлал шөвгийн наймын хувилбараас бага боловч боломжгүй зүйл биш ажээ. Үүний тулд Аргентин, Португал хоёр хоёулаа хэсэгтээ хоёрдугаар байр эзлэх ёстой бөгөөд улмаар хасагдах шатны эхний давааг амжилттай давбал шөвгийн 16-д сүүлийн хорь гаруй жилийн хамгийн алдартай хөлбөмбөгийн өрсөлдөөн дэлхийн аваргын тайзан дээр анх удаа өрнөх боломжтой болно. Одоогоор дээрх таамаглалууд бол ердөө онолын хувилбар хэдий ч ДАШТ бол боломжгүй мэт зүйлийг ч бодит болгодог онцгой "тайз" билээ.