"ИХ-7"-ийн удирдагчид Украиныг дэмжиж, ОХУ-д үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ

"ИХ-7"-ийн удирдагчид Украиныг дэмжиж, ОХУ-д үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Францын Эвиан-ле-Бен хотноо болж буй G7-ийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлэн, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.

Энэхүү мэдэгдэл нь Украины энхийн хэлэлцээний байр суурь улам бэхжиж байгааг харуулсан гэж ажиглагчид үзэж байна. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Украины асуудлаар "ИХ-7"-ийн бусад гишүүдтэй зарим үед санал зөрөлдөж байсан ч энэ удаад нэгдсэн байр сууринд хүрсэн нь онцлог байв.

Д.Трампын зүгээс өчигдөр /2026.06.17/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский болон "ИХ 7"-ийн бусад удирдагчидтай хийсэн уулзалтаа “маш сайн болсон” хэмээн үнэлж, дайныг зогсоох энхийн тохиролцоонд хүрэх боломж нэмэгдсэнийг онцолжээ. Харин Зеленский Д.Трамптай дахин уулзаж магадгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн сүүлийн үед Украины гүн цохилтын дроны ажиллагаанууд ОХУ-ын стратегийн объектуудад хохирол учруулснаар Киевийн хэлэлцээний байр суурь сайжирсан гэж үзэж байна.

- ИРАНЫ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ДЭМЖИВ - 

"ИХ 7"-ийн удирдагчид мөн АНУ болон Ираны хооронд байгуулсан урьдчилсан энхийн хэлэлцээрийг сайшааж, хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийг хамгаалах үүднээс Ормузын хоолойноос хэт хамааралтай байдлыг бууруулж, эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахаар болсон байна.

- ХЯТАДААС ХАМААРАЛТАЙ БАЙДЛЫГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ - 

Харин өнөөдрийн /2026.06.17/  хэлэлцүүлгийн гол сэдэв нь чухал ашигт малтмал болон дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдал байлаа.  Тодруулбал, Франц улс өрнөдийн орнууд газрын ховор элемент болон бусад стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтэд БНХАУ-аас хэт хамааралтай байгааг бууруулах чиглэлээр хамтарсан мэдэгдэл батлуулахыг зорьж байна. Учир нь 2025 онд Бээжин газрын ховор элементийн байнгын соронзны экспортод хязгаарлалт тогтоосноор дэлхийн үйлдвэрлэлийн зарим салбар бараг зогсонги байдалд орж, эрчим хүч, батлан хамгаалах, технологийн салбарууд Хятадын нийлүүлэлтээс хэр их хамааралтай болохыг тод харуулсан юм.

Эх сурвалж: Reuters