Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний таван сарын үзүүлэлтийг танилцууллаа. Тус мэдээллийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ, 2026 оны тавдугаар сарын байдлаар инфляцын түвшин 11.2 хувьтай гарсан бөгөөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 23.4 хувиар өссөнийг онцоллоо.
Гадаад худалдааны үзүүлэлтийн тухайд эхний таван сарын байдлаар худалдааны тэнцэл 3.6 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 56.9 хувиар өссөн бол импорт 8.1 хувиар нэмэгджээ. Мөнгө, санхүүгийн салбарт мөнгөний нийлүүлэлт 27.3 хувиар өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 6.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд нийт зээлийн 60 хувийг иргэдийн, 39.2 хувийг хувийн байгууллагын, 0.2 хувийг төрийн байгууллагын, 0.6 хувийг санхүүгийн болон бусад байгууллагын зээл эзэлж байгааг мэдээлэв.
Төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 3.29 төгрөгөөр суларсан байна. Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 13.5 их наяд төгрөгт хүрсэн ч тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 28.2 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс хамгийн их хувийг эзэлж буй уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг буюу 61.7 хувиар өсөхөд металлын хүдэр олборлолтын салбар голлон нөлөөлжээ. Харин хөдөө аж ахуйн салбарт улсын хэмжээнд 287.8 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 131.4 мянгаар өссөн үзүүлэлт болсон байна. Харин эхний таван сарын байдлаар нийт гарсан төлийн 98.8 хувь буюу 18 сая төл бойжжээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын үзүүлэлтийг дурьдсан бөгөөд энэ оны эхний таван сарын байдлаар амьд төрсөн хүүхдийн тоо 21.7 мянгад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурсан үзүүлэлт гэлээ.