Э.Алтан-Эрдэнэ: Ном хурахыг сонсох бүртээ ямар  гоё хэмнэлтэй  юм бэ гэж бодож байгаад   “Ажил үйлс бүтээх” уншлага дээр бөмбөр  тоглосон юм

Э.Алтан-Эрдэнэ: Ном хурахыг сонсох бүртээ ямар гоё хэмнэлтэй юм бэ гэж бодож байгаад “Ажил үйлс бүтээх” уншлага дээр бөмбөр тоглосон юм

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд уламжлалт ном хурж буй аялгууг орчин үеийн хэмнэлтэй хослуулан бөмбөр тоглосон бичилгээрээ олны анхаарлыг татаж буй залуу бол бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ юм. Тэрбээр зөвхөн орчин үеийн дуу хөгжим төдийгүй монголчуудын ахуй, соёл, үе үеийн хүмүүсийн сонсож ирсэн аялгууг өөрийн хөгжимтэй уялдуулан хүргэхийг зорьдог аж. Тиймээс бид түүнийг энэ удаагийн “Social ID” буландаа онцоллоо.

ВИДЕО:

-БӨМБӨРЧИН ХҮН ХАМТЛАГИЙНХАА ЗҮРХ НЬ ГЭЖ ХЭЛЭХ ШАЛТГААН НЬ  ДУУЧИН ДУУГАА ДУУЛЖ, ХӨГЖИМЧИД АЯЛГУУГАА ТОГЛОДОГ БОЛ БӨМБӨРЧИН ТЭР БҮХНИЙГ НЭГ ХЭМНЭЛД БАРЬЖ БАЙДАГ-

-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө болон хийж буй ажлынхаа танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Э.Алтан-Эрдэнэ гэдэг. Миний хувьд бөмбөр хөгжимтэй амьдралаа холбосон жирийн нэгэн хөгжимчин хүн.

-Анх яагаад энэ бөмбөр гэх хөгжимд дурлах болов?

-Багаасаа хөгжимд дуртай өссөн. Анх сонсож байгаа хөгжмийнхөө хэмнэлийг ширээ, сандал, янз бүрийн зүйл дээр тогшиж дуурайдаг хүүхэд байлаа. Тэр сонирхол аажмаар улам гүнзгийрч, бөмбөр хөгжимд татагдан суралцах эхлэл болсон гэж боддог. Өнөөдөр би зөвхөн тайзан дээр тоглохоос гадна өөрийн сонирхсон дуу хөгжим дээрээ туршилт хийж, олон нийтэд хүргэх контент бүтээж байна. Миний хувьд бөмбөрийг зөвхөн хобби, дуртай зүйл гэж өнгөц хардаггүй. Яагаад гэвэл энэ маань одоогоор миний амьдралын бас наг хэрэгцээг минь хангаж байгаа чухал зүйл учраас илүү ажил шиг хандаж цаг зарцуулж, хариуцлагатай байхыг зоридог.

Харин дуу хөгжмийн амин судас, хэмнэл нь юм. Тиймээс сонсож байгаа дуу болгоны ард ямар хэмнэл нуугдаж байгааг мэдрэхийг хичээдэг.  Бөмбөрчин хүн хамтлагийнхаа зүрх нь гэж хэлж болно. Дуучин үгээ дуулж, хөгжимчид аялгуугаа тоглодог бол бөмбөрчин тэр бүхнийг нэг хэмнэлд барьж байдаг. Тийм болохоор зөвхөн өөрийгөө биш бусад хөгжимчдөө мэдэрч тоглох шаардлагатай байдаг. Энэ мэргэжлийн хамгийн сайхан зүйл нь хүмүүстэй үггүйгээр харилцдагт оршдог. Заримдаа тайзан дээр тоглож байхад үзэгчидтэй нэгэн зэрэг амьсгалж байгаа мэт мэдрэмж төрдөг. Хүмүүс бүжиглэж, алга ташиж, дуугаа дагаж дуулж байгааг харах үнэхээр сайхан. Тэр мөчид хөгжмийн хүч ямар агуу болохыг илүү их мэдэрдэг дээ.

Э.Алтан-Эрдэнэ

-Таны ном хурж буй аялгуу дээр бөмбөр тоглосон бичлэг олон хүнд хүрсэн. Энэ санаа хэрхэн төрсөн бэ?

-Би багаасаа гэртээ болон ахмад хүмүүсийн дунд ном хурж байгааг олон сонсож өссөн. Тухайн үед яг юуг нь ойлгож байсан гэхээсээ илүү “Ямар гоё хэмнэлтэй, яг л нэгэн төрлийн хөгжим шиг сонсогдож байна” гэж боддог байлаа. Хожим бөмбөр тоглож эхэлсний дараа тэр аялгуугаа өөр өнцгөөс сонсож үзсэн. Судалж үзэхэд ном хурж буй аялгуу дотроо маш нарийн давтамж, өрнөл, хэмнэлтэй байдаг юм билээ. Тэгээд нэг өдөр “Үүн дээр бөмбөрийн хэмнэл нэмбэл ямар сонсогдох бол” гэсэн бодол төрсөн.

Анх туршилтын журмаар бичлэг хийсэн гэхдээ маш их судалж байгаа хүн бүхний ажил үйлс бүтээсээ гэж бодоод “Ажил үйлс бүтээх номын хэмнэл дээр бөмбөр тоглосныг хүмүүс маш сайхан хүлээж авсан.

Зарим хүн “Өмнө нь ингэж сонсож байгаагүй”, “Уламжлал ба орчин үеийн хөгжмийг гоё хослуулжээ” гэсэн сэтгэгдэл үлдээж байсан. Зарим нь яахав доромжиллоо, ёжиллоо гэх зэргээр шүүмжлэх хандлага ч ажиглагдсан. Гэхдээ би аль болох утга агуулгыг нь алдагдуулахгүйгээр өөрийн хөгжимтэй зохицуулахыг хичээсэн л дээ. Нөгөө талаас өөрт маань маш сонирхолтой санагдаж байлаа. Учир нь хүмүүсийн сайн мэддэг, өдөр тутам сонсдоггүй аялгууг өөр өнцгөөс хүргэх боломж олддог. Заримдаа хөгжим хүмүүсийн хоорондын зайг ойртуулж чаддаг гэдэг нь ийм үед л мэдрэгддэг.

-ХӨГЖИМ ГЭДЭГ ЗӨВХӨН АЯЛГУУ БИШ, ТУХАЙН ЦАГ ҮЕИЙН ТҮҮХ, ХҮМҮҮСИЙН МЭДРЭМЖ, АМЬДРАЛЫН ТУСГАЛ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ-

-Мөн дуучин Лосолын Болдбаатарын “Итгэл юм шүү” дуу дээр бөмбөр тоглосон бичлэг тань олонд хүрсэн. Яагаад энэ дууг сонгосон бэ?

-Би хөгжим сонсохдоо нас, үеийн ялгаа гаргадаггүй. Сайхан дуу л бол сонсдог. “Итгэл юм шүү” бол олон хүний сэтгэлд үлдсэн бүтээл. Ахмад үеийнхэн төдийгүй залуучууд хүртэл одоог хүртэл маш сонсож, мэддэг дуу. Тэр дууг сонсоод бөмбөрийн хэмнэлтэй хэрхэн зохицохыг төсөөлсөн. Тэгээд бичлэг хийж үзэхэд хүмүүс маш эерэгээр хүлээж авсан. Надад хамгийн их таалагдсан зүйл нь залуу хүмүүс уг дууг дахин сонсож эхэлсэн явдал байсан. Хөгжим өөрөө үе үеийн хүмүүсийг холбож чаддаг гэдгийг тэр үед улам сайн ойлгосон.

-Бөмбөр тоглож байх үед танд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Бөмбөрийн ард суух бүртээ би өөр ертөнцөд орчихсон мэт санагддаг. Өдөр тутмын стресс, ядаргаа, санаа зовнил хэсэг хугацаанд мартагддаг. Зөвхөн хөгжим, хэмнэл хоёртойгоо үлддэг гэсэн үг. Мэдээж дандаа хийдэг, өдөр бүр давтдаг зүйлээ тайзан дээр алдаагүй илэрхийлэх ёстой. Түүнээс биш шууд мэдрэмжээ итгэж болохгүй шүү дээ. Хичээлээр ярьвал тайз яг л улиралын шалгалт л гэсэн үг.

Э.Алтан-Эрдэнэ

-Орчин үеийн залуусын хөгжмийн сонголт, хөгжмийн боловсролын талаар таны бодол ямар байдаг вэ?

-Миний бодлоор өнөөдрийн залуус өмнөх үеийнхнээс илүү олон боломжтой болсон. Манай ээж, аавын үеийнхэн амьдралынхаа анхдагч болон хоёрдогч хэрэгцээг хангахын тулд маш их хөдөлмөрлөж, хөгжмийн сонирхолдоо цаг гаргах боломж харьцангуй бага байсан байх. Харин өнөөдөр нийгэм өөрчлөгдөж, мэдээлэл илүү нээлттэй болсон. Залуус дэлхийн хаана байгаа ямар ч хөгжмийг сонсож, суралцаж, өөрсдөө бүтээх боломжтой болсон байна. Энэ нь сайн хэрэг. Гэхдээ зөвхөн шинэ хөгжим сонсохоос гадна өмнөх үеийн уран бүтээлүүдээ ч сонсож, судалж байх хэрэгтэй гэж боддог. Учир нь хөгжим гэдэг зөвхөн аялгуу биш, тухайн цаг үеийн түүх, хүмүүсийн мэдрэмж, амьдралын тусгал байдаг шүү дээ.

Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө