МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /2026.06.10/ болж, Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэж, Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хассан.
ВИДЕО:
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар 2024 оны зургаадугаар сард Улсын арслан Р.Пүрэвдагва өрсөлдөгч бөхтэйгөө ёс зүйгүй харьцсан, хөлийн цэцийн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хуралдаанд оролцож байжээ. Тухайн үеийн хурлаар "Улсын арслан" гэх өндөр цолтой бөх бусад бөхчүүд болон үзэгчдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэх үндэслэлээр сануулга өгч байсан аж. Улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд ч өөрийн буруугаа ойлгож дахиж ёс зүйн асуудал гаргахгүй гэсэн ам өчиг өгч байжээ.
Гэвч энэ сарны 7-нд болсон Наадмын сорилго барилдааны тавын даваанд Улсын арслан Р.Пүрэвдагва Улмын начин Б.Сосорбарамд өвдөг шороодохдоо цохих үйлдэл гаргасан байна. Учир давсан бөх дахимаа авахаар ирэх үед Улсын арслан Р.Пүрэвдагва “Энэ чинь допинг хэрэглэчихсэн байна” хэмээн хашхирсан гэж бөхийн өргөөнд бөх үзэж байсан үзэгчид мэдээлсэн юм.
Тэгвэл энэхүү шалтгаанаар МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хуралдаанаар дахин Улсын арслан Р.Пүрэвдагва орж, давтан ёс зүйгүй үйлдэл гаргасан, улсын өндөр цолтой бөх, мөн Архангай аймгийн дэвжээний багш, дасгалжуулагчаар ажилдаг учир өндөр ёс зүйн хариуцлагатай байх ёстой хэмээн үзээд МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 3.4.1 болон 3.4.6 дахь заалтуудыг үндэслэж барилдах эрхийг таван сараар хасжээ.
Харин олны дунд Улсын заан Б.Бат-Өлзий болон Улсын харцага Э.Даш нар ч гэсэн муудалцаж асуудал үүсгэхэд ямар нэгэн хариуцлага тооцоогүй байж Улсын арслан Р.Пүрэвдагвыг ялгаварлан үзлээ хэмээн шүүмжлээд буй. Тэгвэл Улсын харцага Э.Дашийг мөн адил ёс зүйн хурлаар хэлэлцэж сануулга өгсөн аж. Түүнийг барилдах үед Улсын заан Б.Бат-Өлзийг дээрээс нь санаатайгаар дарж унасан хэмээн буруу ойлгосон, тус үйл явдал болсны дараа Улсын заан Б.Бат-Өлзий болон үзэгчдээс өөрийн хүсэлтээр уучлалт гуйсан, мөн анх удаа ёс зүйгүй үйлдэл гарсан учир сануулга өгсөн аж.