Хятадын иргэд бүлэглэн Монгол Улсын тусгай хамгаалалттай газраас дэлбэрэх бодис ашиглан ногоон хаш олборлож байсан хэргийг тагнуулынхан илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энд дарж уншина уу.
Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт орших "Тэнгис гол" ногоон хашийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тодруулбал, Хятадын хөрөнгө оруулалттай "Өргөн цагаан нуур" ХХК нь тус ордоос ногоон хаш олборлож байсан бөгөөд ашиглалтын MV-012229 дугаартай тусгай зөвшөөрөл нь тусгай хамгаалалттай газар нутаг болон ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан бүсэд давхцсан гэж үзэн хүчингүй болгожээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн 299 дүгээр шийдвэрт дурдсанаар лицензийн талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газартай давхцаж байгаа тул цаашид олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Мөн шийдвэрт "Өргөн цагаан нуур" ХХК нь лиценз цуцлагдсантай холбоотойгоор нөхөн олговрын асуудлаар холбогдох хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй хэвээр үлдэхийг дурджээ. Ингэснээр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг дахь "Тэнгис гол" ногоон хашийн ордод олборлолт явуулж байсан тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл албан ёсоор хүчингүй болж байна.
