Ардчилсан намын 4:11 мэдээллийн хөтөлбөрөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн амьжиргаанд үзүүлж буй нөлөөллийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд мэдээлэл хийлээ.
С.Эрдэнэболд гишүүн мэдээллийн эхэнд өнгөрсөн сар гаруйн хугацаанд Сэлэнгэ, Төв аймгаар ажиллаж, 300 гаруй иргэний санал хүсэлтийг сонссон тухайгаа онцлов.
Тэрбээр "Ард түмэн ууртай байна. Иргэд гурван зүйлээс болж бухимдаж байна. Нэгдүгээрт, хулгай, авлигатай төр засаг хангалттай тэмцэж чадахгүй байна. Хоёрдугаарт, ард иргэдийн амьжиргаа доройтож, үнийн өсөлтийн дарамтад орсон. Үүнийг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс харж болно" гэв.
Мөн сүүлийн таван жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өссөн гэж тэрбээр онцоллоо. Тухайлбал, төмсний үнэ 223 хувиар өссөн бол махны үнийн өсөлт иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлсөн гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Ингээд бодит жишээ харуулан, "2021 онд 26 мянган төгрөгөөр хоёр килограмм мах авах боломжтой байсан бол өнөөдөр ижил мөнгөөр нэг килограмм ч хүрэхгүй буюу 980 грамм мах авч байна" хэмээн мэдэгдлээ.
С.Эрдэнэболдын хэлснээр үнийн өсөлт нь иргэдийн амьдралд хамгийн ихээр нөлөөлж буй асуудал болж байгаа бөгөөд энэ нь нийгмийн бухимдал, талцлын нэг шалтгаан болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр мөн эрх баригчдын эдийн засгийн бодлогыг шүүмжлээд, иргэд сонгуулиар дамжуулан бодлогын өөрчлөлтийг шаардах боломжтой гэсэн байр суурийг илэрхийллээ.