Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагчийг сонгон шалгаруулах ажлын дүнг хэлэлцэж, БНХАУ-ын NFC компанийг шалгарууллаа.
Сонгон шалгаруулалтад долоон улсын 13 компани, түншлэл оролцож, хоёр үе шаттай үнэлгээний дүнд NFC компани хамгийн өндөр оноо авсан байна. Тус компани нь дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 орчим хувийн зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон туршлагатай бөгөөд уул уурхайн инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, үйлдвэрийн бүтээн байгуулалтын EPC ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж иржээ.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар Монгол Улс зэсийн баяжмалаа дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр экспортын орлого, улсын төсвийн орлого, татварын төвлөрөл нэмэгдэхээс гадна шинэ ажлын байр бий болж, эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.