Apple компани жил бүр зохион байгуулдаг Worldwide Developers Conference (WWDC) 2026 арга хэмжээний нээлтийн үеэр дараагийн үеийн Apple Intelligence платформ болон цоо шинэ Siri AI-ийг танилцууллаа.
Apple-ийн Програм хангамжийн инженерчлэлийн ахлах дэд ерөнхийлөгч Крэйг Федеригигийн хэлснээр шинэчлэлүүд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах шинэ боломжууд, эцэг эхийн хяналтын сайжруулсан хэрэгслүүд, мөн Apple-ийн төхөөрөмжүүдийг илүү хурдан, найдвартай, хэрэглэхэд хялбар болгох олон өөрчлөлтийг агуулж байна.
Эдгээр боломжууд iOS 27, iPadOS 27, macOS 27, watchOS 27, visionOS 27 болон tvOS 27 үйлдлийн системүүдэд нэвтрэх юм.
- ЦОО ШИНЭ SIRI AI-
Apple Intelligence-ийн шинэ үе нь хэрэглэгчийн хувийн нууцыг хамгаалах шинэ архитектур дээр суурилсан бөгөөд Siri AI-ийн үндсэн хөдөлгүүр болох аж. Шинэ Siri AI нь iPhone, iPad, Mac, Apple Watch болон Apple Vision Pro төхөөрөмжүүдтэй гүн интеграцчлагдсан байна.
Тухайлбал, Siri AI нь:
- Хэрэглэгчийн мессеж, цахим шуудан, зураг болон бусад мэдээллээс хайлт хийх
- Аппликэйшнүүд хооронд даалгавар гүйцэтгэх
- Дэлгэц дээр харагдаж буй контенттой холбоотой асуултад хариулах
- Интернэтээс хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авч боловсруулан хариу өгөх боломжтой болжээ.
Мөн Siri-д зориулсан тусгай аппликэйшн бий болсон бөгөөд хэрэглэгчид өмнөх яриануудаа харах, шинэ яриа эхлүүлэх боломжтой. Харилцан ярианы түүх iCloud-аар дамжин бүх төхөөрөмж дээр синк хийгдэх аж.
Үүнээс гадна Apple Intelligence нь Photos, Safari, Image Playground, Messages, Mail зэрэг аппликэйшнүүдэд шинэ боломжуудыг нэвтрүүлж, өдөр тутмын үйлдлүүдийг хялбарчлах юм.
- ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ ХАМГААЛАЛТУУД -
Apple хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор эцэг эхийн хяналтын системээ өргөжүүлжээ.
Шинэ боломжуудын хүрээнд:
- Child Account үүсгэхэд насанд тохирсон хамгаалалтууд автоматаар идэвхжинэ
- Хүүхэд шинэ харилцагчтай холбогдох бүрт эцэг эхийн зөвшөөрөл шаардана
- Ил задгай болон хүчирхийллийн агуулга илэрвэл автоматаар хамгаалалтын арга хэмжээ авна
- Entertainment, Games, Social Media зэрэг ангилал бүрт өдөр тутмын хэрэглээний хугацаа тогтоох боломжтой болно
- Хүүхдийн төхөөрөмж ашиглалтын дундаж хугацаа болон хамгийн их ашигласан аппуудыг нэг дороос харах боломжтой болжээ. Мөн Apple эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээлэл бүхий тусгай цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн байна.
- ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ГҮЙЦЭТГЭЛ САЙЖИРНА -
Apple-ийн мэдээлснээр шинэ үйлдлийн системүүдийн хүрээнд:
- iPhone болон iPad дээрх аппликэйшнүүд 30 хүртэл хувиар хурдан нээгдэнэ
- Шинээр авсан зургуудын ачаалалт 70 хүртэл хувиар хурдасна
- AirDrop дамжуулалт 80 хүртэл хувиар хурдан болно
- Гар утасны дата болон Wi-Fi сүлжээ хооронд шилжих үйл явц илүү саадгүй болно
- iPad дээрх гадаад төхөөрөмжөөс файл дамжуулах хурд 5 дахин нэмэгдэнэ
- Spotlight, Photos болон Mail дахь хайлтын системүүд илүү тогтвортой, үр ашигтай ажиллана. Мөн Mail аппликэйшнд шинэ эрэмбэлэх систем нэвтэрч, "Top Hits" хэсэгт илүү хамааралтай үр дүнг харуулдаг болох юм.
Түүнчлэн энэ намар дараах шинэчлэлүүд хэрэглэгчдэд хүрнэ.
- iCloud Shared Albums-д бүрэн нягтаршилтай зураг олон платформ дээр хуваалцах боломж
- Health аппликэйшнд цэвэршилтийн өмнөх болон дараах үеийн эрүүл мэндийн хяналтын функц
- Apple Watch-д Siri-ийн санал болгодог аппууд бүхий шинэ динамик самбар
- AirPods-д дууны тохируулгыг илүү нарийвчлан өөрчлөх Custom EQ
- AirPods Pro 3 дээр зүрхний цохилтын мэдээллийг iPhone-той синк хийх боломж
- Apple Vision Pro дээр панорам зургуудыг орон зайн (spatial) дүрслэл болгон хувиргах функц
- Apple Maps-д хиймэл оюун ухаанаар сайжруулсан шинэ Flyover дүрслэл.
Шинэ боломжуудыг хөгжүүлэгчид өнөөдрөөс туршиж эхлэх бөгөөд ирэх сараас олон нийтэд зориулсан бета хувилбар гарна. Харин албан ёсны шинэчлэлүүдийг энэ намар үнэ төлбөргүй хүргэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters