Японы "AstroX" компани агаарын бөмбөлгөөс сансарт пуужин хөөргөнө

Японы "AstroX" компани агаарын бөмбөлгөөс сансарт пуужин хөөргөнө

Японы хувийн "AstroX" компани зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах зорилгоор стратосфер давхарга руу илгээсэн агаарын бөмбөлгөөс сансрын пуужин хөөргөх анхны туршилтаа хийхээр төлөвлөж байна. 2030-аад онд энэхүү аргаар бичил хиймэл дагуулуудыг арилжааны зорилгоор тойрог замд гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 

Тус компани таван метр урт пуужинг 100 метрийн голчтой агаарын бөмбөлгөөс 12 дугаар сард хөөргөхөө төлөвлөжээ. Хөөргөх төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжийг агаарын бөмбөлөгт бэхлэх юм байна. Бөмбөлгийг 20-25 км-ийн өндөрт хөөргөх бөгөөд анхны туршилтаар пуужин 100 км-ийн өндөрт хүрэх ёстой аж. Хөөргөх ажиллагааг Японы Фүкүшима мужийн орчимд далайн дээр явуулна.

Энэхүү арга нь газар дээрх хөөргөх талбайн тоноглол, техникийн үйлчилгээ шаардагдахгүй тул зардлыг үлэмж хэмжээгээр бууруулна гэж "AstroX" компани мэдэгджээ. Тус компани 12 дугаар сараас өмнө агаарын бөмбөлөг хөөргөх, стратосфер давхаргад пуужингийн хөдөлгүүрийг асаах зэрэг урьдчилсан туршилтуудыг хийхээр төлөвлөж байгаа аж. Хэрэв туршилтууд амжилттай болбол анхны жижиг хиймэл дагуулыг 2029 оны санхүүгийн жилд (2030 оны гуравдугаар сарын 31-нээр дуусгавар болно) энэ аргаар тойрог замд гаргахаар төлөвлөжээ. Мөн 2030-аад онд жилд 50 удаа ийм төрлийн хөөргөх ажиллагаа явуулах түвшинд хүрэхээр зорьж байгаа ажээ.