Куба улсын баруун хэсэгт зургаадугаар сарын 8-нд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Хавана хотын байшин, барилгуудад мэдрэгдсэн бөгөөд хүний амь нас хохирсон, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл одоогоор гараагүй байна.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Хавана хотоос баруун зүгт, далайн гүнд 10 километрийн гүнд байрлаж байжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн чичиргээ АНУ-ын Флорида мужид хүртэл мэдрэгдсэн байна. Майами дахь Үндэсний цаг уурын алба хэд хэдэн удаагийн чичиргээ бүртгэгдсэнийг мэдээлсэн бөгөөд олон нийтийн сүлжээнд иргэд энэ талаар сэтгэгдлээ нийтэлж эхэлжээ. Флорида мужийн Форт-Лодердейл хотын нэгэн оршин суугчийн мэдээлснээр чичиргээ ойролцоогоор нэг минут үргэлжилсэн байна. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн геофизикч Виллиам Барнхартын хэлснээр энэхүү газар хөдлөлт нь нэн ховор тохиолдол аж. Мексикийн булан дахь газар хөдлөлтүүдийг орчин үеийн багаж төхөөрөмжөөр 1950-иад оноос бүртгэж эхэлсэн бөгөөд энэ удаагийн газар хөдлөлт нь тухайн бүс нутагт бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэг болж байна.