Д.Батцэнгэл: Ховдод дэгдсэн САТ-1 өвчин хөрш улсуудаас орж ирсэн байх талтай бөгөөд эмчилгээ байхгүй учир халдвар авсан малыг шууд устгалд оруулж байна

Д.Батцэнгэл: Ховдод дэгдсэн САТ-1 өвчин хөрш улсуудаас орж ирсэн байх талтай бөгөөд эмчилгээ байхгүй учир халдвар авсан малыг шууд устгалд оруулж байна

Баян-Өлгий, Ховд аймагт САТ-1 малын гоц халдварт өвчин гарч, онцгой дэглэм тогтоогоод байгаа билээ. Улмаар тус бүс нутагт устгалд оруулсан малын тоо мянга даваад байна. Тус өвчин нь манай улсад өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй бөгөөд эмчилгээний вакцин байхгүй нь асуудлыг хүндрүүлж байна. Тэгвэл энэ асуудлаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Батцэнгэлээс тодрууллаа.

ВИДЕО:

"БУЛГАН, ҮЕНЧ СУМАНД НИЙТ 7-8 ГОЛОМТ БҮРТГЭГДЭЖ, НИЙТ 1.604 МАЛ ӨВЧЛӨӨД БАЙНА"

-Ховд аймагт өнөөдрийн байдлаар шүлхий өвчний нөхцөл байдал ямар байна вэ?

-Малын гоц халдварт САТ-1 хэвшлийн шүлхий өвчин Ховд аймагт бүртгэгдсэн. Монгол Улсад анх удаа гарч байгаа бөгөөд Ховд, Баян-Өлгий аймагт бүртгэгдээд байна. Хариу арга хэмжээний хувьд хууль, журмын дагуу хорио цээрийн арга хэмжээг авч, бүх шатны мэргэжлийн анги, бүлгүүд ажиллаж байна. Нөхцөл байдал нэлээд хүнд байна. Булган суманд халдвар зогсохгүй байгаа бөгөөд халдварын тархалт өндөр, голомтын тоо нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар Булган, Үенч суманд нийт 7-8 голомт бүртгэгдсэн. Нийт 1.604 мал өвчилж, 460 орчим малыг устгалд оруулаад байна.

Хариу арга хэмжээний хүрээнд вакцин байхгүй, вакцины олдоц хомс байна. Олон улсад үйлдвэрлэгддэг вакциныг худалдан авахад хугацаа их шаарддаг. Мөн энэ өвчний эмчилгээ байхгүй. Тиймээс шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулж, халдварын голомтыг хумих арга хэмжээг зохион байгуулж байна.

-Эрсдэлтэй бүс нутагт хэчнээн айл өрх, хэдэн толгой мал байгаа вэ?

-Булган сум 280 мянган толгой малтай, 9 мянган малчин өрхтэй. Тиймээс сум бүхэлдээ эрсдэлтэй бүсэд байна. Үүнээс 200 гаруй мянган толгой мал эрсдэлд байгаа гэж үзэж болно. Үенч сум мөн адил 200 гаруй мянган толгой малтай. Иймээс энэ хоёр сум маш өндөр эрсдэлтэй бүсэд байна. Мөн Алтай сум эрүүл бүсэд байгаа боловч сэжигтэй бүсийн ангилалд орж байна. Үүнээс гадна Мөст, Мөнххайрхан зэрэг нийт 5-6 сум эрсдэлтэй бүсэд хамрагдаж байна. Бид эдгээр бүсэд хамгаалалтын арга хэмжээ авч, хамгаалалтын бүс байгуулан халдвар алдахгүй байх чиглэлээр ажиллаж байна. Одоогоор 200 гаруй хүн Булган, Үенч сумын голомтуудад ажиллаж байна.

"БНХАУ, ОХУ, КАЗАХСТАН, ИРАН ЗЭРЭГ УЛСУУДАД ЭНЭ ӨВЧИН БҮРТГЭГДСЭН"

-Энэ нь Монгол Улсын хэмжээнд анх удаа бүртгэгдэж байгаа өвчин гэсэн. Энэ тухай.

-Тийм. Монгол Улсад анх удаа Баян-Өлгий болон Ховд аймагт бүртгэгдсэн. Баян-Өлгий аймгийн Алтай суманд мөн бүртгэгдсэн. Ховд аймгийн хил орчмын бүс нутгаар халдвар орж ирсэн байх магадлал өндөр байна. Учир нь БНХАУ, ОХУ, Казахстан, Иран зэрэг улсуудад энэ өвчин бүртгэгдсэн. Манай хөрш болон ойр орчмын орнуудад мөн адил тархсан өвчин юм.

-ОХУ-аас вакцин авах талаар мэдээлэл байсан. Вакцин хамгийн наад зах нь хэзээ ирэх боломжтой вэ?

-Урьдчилсан байдлаар вакцин хамгийн багадаа 40-50 хоногийн дараа ирэх боломжтой гэсэн мэдээлэл бий. Зарим тохиолдолд 60 хоногийн дараа худалдан авах боломжтой гэсэн мэдээллийг удирдлагууд өгч байна. Вакцин худалдан авах захиалгын дараалал их байдаг. Мөн үйлдвэрлэгч орнуудын үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотойгоор нийлүүлэлт удаашрах нөхцөл үүсдэг.

-Тархалтыг зогсоохын тулд хөл хорионоос өөр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид хорио цээрийн дэглэмээр тархалтыг зогсоохыг зорьж байна. Аймагт хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон. Энэ сарын 8-нд аймгийн Засаг даргын захирамжаар аймаг бүхэлдээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Олон нийтийн арга хэмжээнүүдийг зогсоож, зарим тээврийн үйлчилгээг хүртэл хязгаарласан. Хөл хорионы дэглэмийг чангаруулж байж энэ өвчнийг хяналтад авна гэж үзэж байна. Өвчин нь малаас малд халдварлахаас гадна хүн болон тээврийн хэрэгслээр дамжин тархах эрсдэлтэй. Тиймээс хөдөлгөөнийг хязгаарлах нь хамгийн чухал арга хэмжээ болж байна.