Израиль довтолгоогоо түр зогсоосноо мэдэгдсэн ч, хэлэлцээрээ дахин зөрчвөл хатуу хариу өгнө гэж Иран мэдэгджээ

Израиль довтолгоогоо түр зогсоосноо мэдэгдсэн ч, хэлэлцээрээ дахин зөрчвөл хатуу хариу өгнө гэж Иран мэдэгджээ

Иран, Израиль улсууд дөрөвдүгээр сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрээс хойш анх удаа харилцан цохилт солилцсоны дараа дайралтаа түр зогсоосноо мэдэгджээ. Гэсэн хэдий ч хоёр тал хэлэлцээр дахин зөрчигдвөл хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр /2026.06.08/ хийсэн мэдэгдэлдээ, Израиль “одоогоор” цэргийн ажиллагаагаа зогсоож байгаа ч Иран болон түүний дэмжлэгтэй бүлэглэлүүдийн эсрэг тэмцэл дуусаагүй гэдгийг онцолжээ. Харин Ираны Зэвсэгт хүчнийхэн Израильд “өвдөлттэй хариу цохилт” өгсний дараа ажиллагаагаа зогсоосон гэж мэдэгдсэн байна. Тегераны зүгээс Израиль Ливан дахь бай руу дахин довтолбол илүү хатуу бөгөөд шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

Сүүлийн мөргөлдөөн Израиль Бейрут хотод цохилт өгсний дараа эхэлсэн байна. Үүний хариуд Иран ням гараг /2026.06.07/-т Израиль руу пуужин харвасан бол Израиль өчигдөр өглөө Ираны цэргийн байгууламжууд гэж тодорхойлсон объектуудад цохилт өгчээ. Үүсээд буй хурцадмал нөхцөл байдалд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зуучлах оролдлого хийсэн байна. Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа Израилийн цохилт өөрийнх нь хүсэлтийг үл тоомсорлон хийгдсэн гэх мэдээллийг няцаасан байна. Тэрээр “Үгүй ээ. Тэд аль хэдийн ажиллагаагаа эхлүүлчихсэн байсан” хэмээжээ.

Харин Цагаан ордон Д.Трамп Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяхутай утсаар ярьж, нөхцөл байдлыг хэлэлцсэн болохыг баталжээ. Израилийн албаныхны мэдээлснээр, АНУ-ын хүсэлтийн дагуу Израиль цаашдын цохилтоо зогсоосон байна.

Б.Нетаньяхуг довтолгоогоо зогсооход хэрхэн ятгасан талаар асуухад Д.Трамп “Бид ухаалаг хандах хэрэгтэй гэж хэлсэн. Бид маш чухал хэлэлцээрт ойртсон байгаа. Цөмийн зэвсэггүй, тогтвортой нөхцөл байдалд хүрэхийн тулд эрүүл ухаанаар хандах шаардлагатай” гэж хариулжээ. Мөн тэрээр Израилийн Ерөнхий сайдтай харилцах харилцааныхаа талаар “Хэрэв би түүнд ямар нэг зүйл хийхийг хүсвэл тэр хийдэг” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: BBC