Азийн Шатрын Холбооны Академийн салбарыг Монгол албан ёсоор нээлээ. Нээлтийн үеэр шилдэг мастеруудын түргэн тоглолтын тойргийн тэмцээн зохион байгуулсан байна.
Уг тэмцээний шагналын сан 1.5 сая төгрөг бөгөөд гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, ОХУ-ын их мастер, ААШТ-ий хүрэл медальт Жамсаран Цыдыпов, Монгол Улсын 33 дахь аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын мастер М.Амилал, Үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер Т.Мөнхзул, ОХУ-ын мастер Филипп Рудовский болон тус академийн шилдэг сурагчдын нэг А.Мичид тэргүүтэй шилдэг найман шатарчин оролцжээ. Улмаар их мастер Цыдыпов Жамсаран түрүүлж, их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун нар удаалсан байна.
ACFA буюу Азийн Шатрын Холбооны Академи нь дундад Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсад энэ жилээс албан ёсны эрхтэйгээр ажиллаж эхэлж байгаа нь энэ. Академийн Монгол дахь салбарыг гавьяат тамирчин, их мастер А.Энхтуул үүсгэн байгуулж, олон улсын туршлагыг эх орондоо нэвтрүүлэх аж. Түүний хувьд Азийн Шатрын Холбооны гадаад харилцааны албанд ажилладаг байсан бөгөөд Монголд Азийн Шатрын Холбооны Академийн салбарыг нээсэнд тус холбооны ерөнхийлөгч Шейх Султан бин Халифа Аль Нахьяан мэндчилгээ дэвшүүлжээ. Монгол дахь ACFA салбар нь хиймэл оюунд суурилсан “Smart Class” системийг нэвтрүүлснээрээ бусад орноос ялгаатай ажээ.