ТОДРУУЛГА: "Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох" АН-ын бүлгийн шаардлагад 20 орчим гишүүн гарын үсгээ зураад байна

ТОДРУУЛГА: "Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох" АН-ын бүлгийн шаардлагад 20 орчим гишүүн гарын үсгээ зураад байна

"Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцож чадахгүй бол Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох асуудлыг тавина" гэж УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр /2026.06.08/ мэдэгдсэн. 

Учир нь хугацаат цэргийн алба хааж буй иргэд амь нас, эрүүл мэндээр хохирох тохиолдол удаа дараа гарч байгаа тул Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлагыг УИХ дахь АН-ын бүлэг 14 хоногийн хугацаатай тавьсан ч Ерөнхий сайд Н.Учрал энэ хугацаанд Засгийн газрын гишүүнээ "огцруулна", "огцруулахгүй" гэсэн ямар нэг хариу өгөөгүй юм. 

Тэгвэл өчигдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хуралд 20 гаруй гишүүн оролцсон байна. Ингээд хэлэлцэх асуудлын эхэнд "Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруул" гэж Ерөнхий сайд Н.Учралд тавьсан 14 хоногийн хугацаатай шаардлагын хариугаа хэлэлцэж, "шаардлагад ямар нэг хариу ирээгүй" гэсэн хариултыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс сонссон байна. Энэ үеэр АН-ын бүлгийн зарим гишүүд, "Засгийн газарт шаардлага тавьчхаад хариугаа ч авч чадахгүй байна", "Далайсан гараа зүгээр ингээд буулгаад байж болох юм уу" зэргээр байр сууриа илэрхийлж байжээ. 

Иймд "Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах асуудалд гарын үсэг цуглуулъя" гэдэгт санал нэгдсэн байна.

Ингээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр "Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцох" тухай гэсэн шаардлага үйлдэж гарын үсгээ зурцгаая эхэлжээ. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар "одоогоор 20 орчим гишүүн Ерөнхий сайд Н.Учралд хариуцлага тооцохоор гарын үсгээ зураад байгаа бөгөөд АН-ын бүлгийн бүх гишүүд гарын үсгээ зурах байх" гэлээ. Мөн зарим эх сурвалжууд, "өчигдөр болсон АН-ын бүлгийн хуралд оролцсон  20 орчим гишүүний ихэнх нь гарын үсгээ тэр дор нь зурсан" гэх мэдээллийг өгч байна.