С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна

С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-ээс Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид нарт шаардлага хүргүүлээд байна.

Тус шаардлагад www.zuv.mn сайтын нийтлэлд нэр дурдагдсан албан тушаалтан өөрийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан гэх үндэслэлээр редакцыг 20 сая төгрөгөөр торгуулахаар шийдвэрлэсэн нь хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлж, МСНЭ болон хэвлэл мэдээллийн салбарынхны шаардлагыг дэмжиж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр, "Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарынхнаас ирүүлсэн шаардлагатай санал нэг байна. Хүний Эрхийн Үндэсний Комисс ард иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг хамгаалж, дуу хоолой нь болох үндсэн үүрэгтэй байгууллага болохоос бус албан тушаалтаны амин хувийн эрх ашигт үйлчилдэг алх дохиур биш. Гэтэл төрийн өмчит компанийн албан тушаалтны талаар хөндсөн сэтгүүлчийн нийтлэлд орсон албан тушаалтны зургийг 'хувь хүний биометрик мэдээлэл' хэмээн хуулийг мушгин тайлбарлаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгах албан бичиг үйлдсэн нь олон нийтийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой халдсан бусармаг үйлдэл юм. Улсын Их Хурлаас баталсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь албан тушаалтнуудыг хаацайлах бамбай, сэтгүүлчдийн амыг үдэх, цензур тогтоох зэвсэг огтоос биш. Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийн ил тод хяналтыг боомилох гэсэн ийм ухралтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хүний эрхийн манаанд зогсох чиг үүргээсээ гажиж, хуулийг албан тушаалтанд ашигтайгаар гуйвуулан тайлбарлаж, чөлөөт хэвлэлийн эсрэг ажилласан ХЭҮК-ийн холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн энэ асуудлыг УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд чиглэл өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдэж байна. Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, цаашид хууль завхруулахгүй байх, сэтгүүлчдийн эрхийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудаас хариуцлага шаардаж ажиллах болно" хэмээн мэдэгдлээ.