МСНЭ-ийн 19 дүгээр их хурлын төлөөлөгч сонгох журам батлагдлаа

МСНЭ-ийн 19 дүгээр их хурлын төлөөлөгч сонгох журам батлагдлаа

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн (МСНЭ) Удирдах зөвлөлөөс өнгөрсөнэ Ням гарагт /2026.06.07/ хуралдаж, МСНЭ-ийн 19 дүгээр Их хурлын төлөөлөгч сонгох журмыг баталлаа.

Тус тогтоол нь МСНЭ-ийн дүрмийн холбогдох заалтууд болон 2026 оны тавдугаар сарын 8-ны өдөр болсон Бага хурлын шийдвэрийг үндэслэн гарсан байна. МСНЭ-ийн XIX Их хурлыг 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлон зарласантай холбоотойгоор төлөөлөгч сонгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулах юм. Журмын дагуу МСНЭ-ийн хүчин төгөлдөр дүрмийг хүлээн зөвшөөрсөн, гишүүний татвараа тогтмол төлсөн, сүүлийн хоёр жилийн хугацаанд татварын өргүй гишүүд Их хурлын төлөөлөгчөөр сонгогдох боломжтой.

Мөн МСНЭ-д гишүүнээр элсээд хоёр ба түүнээс дээш жил болсон гишүүд сонгох, сонгогдох эрх эдлэхээр тусгажээ. Төлөөлөгчийн мандатыг олгохдоо гишүүд болон мэргэжлийн төвүүдийн төлөөллийг жигд хангах зарчмыг баримталж, наймаас арван гишүүн тутамд нэг мандат ногдохоор тооцох юм байна. МСНЭ-ийн харьяа зургаан мэргэжлийн төв оногдсон квотын дагуу шаардлага хангасан гишүүддээ мандат хуваарилах аж. Гишүүд 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдрийг дуустал гишүүний татвараа төлж барагдуулах боломжтой бөгөөд үүний дараа Их хурлын төлөөлөгчдийн эцсийн бүрэлдэхүүн тодорхой болох юм.

Түүнчлэн МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн материалыг 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авахаар болсон байна. Нэр дэвшигчид хүсэлт болон намтар (CV)-аа МСНЭ-ийн ажлын албанд ирүүлэх бөгөөд журмын дагуу зургаан сая төгрөгийн хандивыг МСНЭ-ийн дансанд байршуулсан байх шаардлагатай ажээ. Удирдах зөвлөлийн тогтоолоор баталсан журмыг нийт гишүүдэд хүргэж, хэрэгжилтийг ханган ажиллахыг МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаярт үүрэг болгосон байна.