"Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас боловсруулж, Засгийн газраас өнгөрөгч тавдугаар сард /2026.05/-д УИХ-д өргөн барьсан. Харин хуулийн төслийг энэ долоо хоногийн Пүрэв гараг /2026.06.11/-т УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэхээр товлоод байна.
Иймд өчигдөр /2026.06.08/ УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралд "Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаарх танилцуулгыг салбарын сайд Г.Дамдинням хийсэн байна. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, "эрчим хүчний нүүрсийг дотооддоо нийлүүлэх бол АМНАТ-ыг 2.5 хувь болгож бууруулсан. Мөн боловсруулах үйлдвэрт дахин зөвшөөрөл олгохоор тусгасан" зэргийг шүүмжилсэн байна. Харин МАН-ын бүлгийн гишүүдийн хуваагдал, дотоод улс төрийг даалгүй хуулийн төсөл парламент дээр унах, эсвэл УИХ-ын Намрын чуулган хүртэл хойшилж магадгүй нөхцөлд байдалд орсон байна.
-УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГИЙН "ШҮҮМЖЛЭЛ"-Д ӨРТСӨН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-
Учир нь УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн 281.3-д "Ашиглалт, баяжуулалтын үйл ажиллагааны явцад үүссэн үүсмэл ордыг бусад этгээд ашиглах тохиолдолд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглана” гэж тусгажээ.
Харин төслийн энэхүү заалт нь "байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно" гэсэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан заалтуудтай зөрчилдөж байгаа аж.
Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-д “хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа ... байгалийн баялаг ашиглахад зөвшөөрөл олгох ...” гэж заасан бол мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “... ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг ... ашиглуулахад тусгай зөвшөөрөл олгоно” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Нөгөөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй боловсруулах үйлдвэрт "баяжуулалтын тусгай зөвшөөрөл олгох" нь хуульд заасан боловсруулалтын түвшинтэй харшилж байна гэж АН-ын бүлгийн үзэж байгаа аж. Учир нь одоо мөрдөгдөж буй "Ашигт малтмалын тухай" хуулийн 47.5-д боловсруулалтын түвшинг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэж ангилсан байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан Стратегийн орд, Үндсэн орд, Шороон орд, Үүсмэл ордууд нь эдийн засгийн үр ашигтай, үйлдвэрийн аргаар олборлох боломжтой байх ёстой. Иймд эдгээр ордуудыг ашиглах бол "ашиглалтын тусгай зөвшөөрөл"-тэй байх шаардлагатай бөгөөд энэ нь АМНАТ ногдуулах үндэслэл болдог байна.
-БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЭЭ АМНАТ-ААР ДЭМЖИХИЙН ОРОНД "ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ"-ӨӨР ДАРАМТАЛЛАА ГЭЖЭЭ-
Харин олон улсад Ашигт малтмалын тухай хууль нь зөвхөн татвар цуглуулах хэрэгсэл биш, уул уурхайн салбарыг олборлогчоос боловсруулагч болгон хөгжүүлэх үндэс нь байх ёстой гэж үздэг. Үүний тулд боловсруулалтын түвшин ахих тутам АМНАТ-ийг бууруулдаг байгаа юм. Энэ нь боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихийн хамт бусад ашгийн татварын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, дундаж давхаргыг бэхжүүлэх зэрэг олон эерэг нөлөөг араасаа дагуулна гэдэг.
Иймээс ч Монгол Улсын 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд тогтвортой хадгална” гэж заасан бол Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Уул уурхайн салбарын түүхий эдийн боловсруулалтын түвшин болон хүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг.
Гэтэл Аж, үйлдвэр, эрдэс баялгийн яамны боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь "боловсруулах үйлдвэр"-ийг хөгжүүлэхийн тулд АМНАТ-аар дэмжихийн оронд боловсруулах үйлдвэртээ давхар, давхар "тусгай зөвшөөрөл" олгоно гэж тусгасан нь УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн шүүмжлэлтэй тулгарсан байна.