Бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тархдаг энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. Уг өвчний тохиолдол сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин өссөн талаар эрүүл мэндийн байгууллагууд мэдээллээ.
Энэхүү өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхдүүдийн дунд тархдаг халдварт өвчин юм. Халдвар нь бохир гар, өтгөн-амны замаас гадна шүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр дамжин халдварладаг. Мөн вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд зүйлсээр дамжин тархах эрсдэлтэй байдаг.
Өвчилсөн хүүхдэд халуурах, хоолой өвдөх, хоолонд дургүй болох, амны хөндий, хэл, буйл орчимд өвдөлттэй шарх болон тууралт гарах шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн гарын алга, хөлийн ул, хурууны завсар болон зарим тохиолдолд өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт үүсч болдог байна. Зарим хүүхэд бие сулрах, уйлагнах, шингэн уухаас татгалзах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр өвчний нууц үе ихэвчлэн 3-6 хоног үргэлжилдэг бөгөөд өвчний эхний долоо хоногт халдвар тараах эрсдэл хамгийн өндөр байдаг аж. Мөн вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэврийг чанд сахих шаардлагатайг онцолжээ.
Хэрэв хүүхдийн халууралт хоёр ба түүнээс дээш хоног үргэлжлэх, шингэн ууж чадахгүй болох, ам хуурайших, шээсний хэмжээ багасах, олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх, хэт сулрах, амьсгал давчдах, таталт өгөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандахыг зөвлөж байна. Мөн тууралт идээлэх, шархлах, улайж хавдах зэрэг хүндрэл гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж авах шаардлагатай юм.
Ихэнх тохиолдолд гар, хөл, амны өвчин нь хөнгөн явцтай бөгөөд 7-10 хоногийн дотор эдгэрдэг байна. Гэсэн хэдий ч бага насны хүүхэд, шингэн сайн ууж чадахгүй байгаа болон өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгахыг анхааруулжээ.
Эмч нар хүүхдийг гэрийн нөхцөлд асрахдаа гараа тогтмол савандаж угаах, ус болон бусад шингэнийг ойр ойрхон бага хэмжээгээр уулгах, бантан, зутан, шөл зэрэг зөөлөн хоол өгөхийг зөвлөж байна. Харин хийжүүлсэн ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн, халуун ногоотой болон давс ихтэй хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй аж.
Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдийн тоглоом болон ахуйн хэрэглээний эд зүйлсийг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх, өрөө тасалгааг агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, баталгаатай цэвэр ус хэрэглэх шаардлагатай. Өвчилсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх нь халдварын тархалтыг бууруулах чухал арга хэмжээ болохыг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна.