ШУУРХАЙ: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглолоо

ШУУРХАЙ: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглолоо

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг АТГ-аас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан. Харин тэрбээр хилийн хоригоо цуцлуулахаар хэд хэдэн удаа шүүхэд хандсан ч шүүхээс түүний хилийн хоригийг цуцлах боломжгүй гэж үзсэн байдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг нь хилийн хоригоо цуцлуулахаар дахин шүүхэд хандаж, энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах", "Үндэслэлгүйгээр хөрөнгөжих", "Нийтийн албан тушаалтан хахууль авах" гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгасан бөгөөд хэргийг "боож дууссан" гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн өдгөө тус хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэхээр хянаж буй гэх мэдээлэл ч байна. 

Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэрэгт МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга асан Ц.Чулуунзагд, түүний төрсөн ах, “Админерал” ХХК-ийн захирал Ц.Ламжав нарыг холбогдуулан шалгаж буй бөгөөд дээрх нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон байж магадгүй байгаа юм.