Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” шашин, соёлын наадам энэ сарын 27-28-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Мөн улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт болдог билээ. Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг болдог. Даншиг наадмыг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээний хөтөлбөр гараагүй байгаа бөгөөд энэ тухай эргэн мэдээлэх болно.