ТОДРУУЛГА: Осолдож амиа алдсан иргэн "Талын салхи" наадмын цуваанаас салж, Эмээлт орчимд осолдсон байжээ

ТОДРУУЛГА: Осолдож амиа алдсан иргэн "Талын салхи" наадмын цуваанаас салж, Эмээлт орчимд осолдсон байжээ

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 6-ны өдөр мотоциклийн олон улсын “Талын салхи 2026” арга хэмжээтэй холбоотойгоор нэг иргэн зам тээврийн ослын улмаас амиа алдсан гэх мэдээлэл гарлаа.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 13:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “22-ын товчоо” постын орчимд “мотоциклтой хүн онхолдож, ухаангүй байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар хувийн эзэмшлийн MT-09 маркийн улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан эрэгтэй жолооч “Баруун турууны даваа” гэх газарт зорчих хэсгийн төмөр хашлага мөргөсний улмаас нас барсан бөгөөд уг хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.

Харин Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Талын салхи 2026” олон улсын мотоциклийн арга хэмжээний албан ёсны цуваа Чингисийн талбайгаас 11:00 цагт хөдөлж, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо дахь “Говь ресорт” амралтын газарт ямар нэгэн осол, зөрчилгүйгээр хүрсэн байна. Бүртгэгдсэн ослын тухайд тухайн иргэн цуваанд оролцож явсан боловч Архангай аймаг руу салдаг замаар салж хөдөлсний дараа Эмээлт орчимд осолдсон болохыг албаныхан мэдээллээ. Ослын шалтгаан, нөхцөл байдлыг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж байна.