В.Путин Украины дайныг зогсоох асуудлаар В.Зеленскийтэй уулзах нь "утгагүй" гэж мэдэгджээ

В.Путин Украины дайныг зогсоох асуудлаар В.Зеленскийтэй уулзах нь "утгагүй" гэж мэдэгджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн нүүр тулсан энхийн хэлэлцээ хийх саналыг няцааж, одоогийн нөхцөлд хоёр удирдагчийн уулзалт ямар ч үр дүнгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, В.Зеленский пүрэв гараг /2026.06.04/-т В.Путинд хандан нээлттэй захидал илгээж, 2022 онд эхэлсэн дайныг зогсоохын тулд шууд яриа хэлэлцээ хийхийг уриалсан юм. Тэрээр мөн бүрэн хэмжээний гал зогсоох хэлэлцээр байгуулахыг санал болгож, олон улсын анхаарал өөр асуудалд төвлөрсөн энэ үед энхийн үйл явцыг хойшлуулах нь буруу гэж онцолсон байдаг. 

Гэвч В.Путин Санкт-Петербург хотноо болж буй Оросын эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа В.Зеленскийн саналыг эрс няцаасан байна.

Тэрээр, “одоогийн нөхцөлд ийм уулзалт ямар ч утгагүй гэж би үзэж байна” хэмээн мэдэгдээд, нүүр тулсан уулзалтын өмнө энхийн хэлэлцээний тодорхой үндэс суурь бүрдэх ёстой гэсэн байр суурийг дахин илэрхийлжээ. Мөн тэрээр В.Зеленскийн захидлыг “зарим бүдүүлэг үг хэллэг агуулсан” хэмээн шүүмжилж, гал зогсоохоос өмнө урт хугацааны энхийн гэрээний нөхцөлийг боловсруулах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Энэ талаар В.Путин, “Украины тал манай цэргийн ажиллагааг зогсоохыг л хүсэж байна. Харин бидэнд зургаан сар эсвэл гурван сарын бус, тогтвортой бөгөөд урт хугацааны шийдэл хэрэгтэй” гэж хэлжээ. Түүний хэлснээр, мэргэжилтнүүд харилцан зөвшилцөх боломжтой шийдлүүдийг боловсруулсны дараа л дээд түвшний уулзалт яригдах боломжтой аж. Мөн В.Путин Орос улс тавьсан зорилгодоо хүрсний дараа цэргийн ажиллагаагаа дуусгана гэж мэдэгджээ. Тэрээр “Цэргийн ажиллагаа хэзээ нэгэн цагт дуусна. Гэхдээ бид өөрсдийн өмнөө тавьсан зорилтуудыг биелүүлсний дараа л дуусна” гэжээ.

Москвагийн зүгээс Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудаас Украины цэргийг гаргах, мөн НАТО-д элсэх оролдлогоосоо татгалзахыг шаардсаар байгаа юм. Харин Киев эдгээр шаардлагыг эрс эсэргүүцэж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хөндөх ямар ч буулт хийхгүй гэдгээ мэдэгдсээр байгаа.

В.Путины уг мэдэгдлийн дараа В.Зеленский Орос улс дахин энхийн замаас татгалзаж байгааг шүүмжилжээ. Тэрээр өөрийн телеграм хуудсандаа “Орос улс дахин дайныг сонгож байна. В.Путин дайныг зогсоохыг хүсэхгүй байна. Энэ хариултад дэлхийн олон хүн сэтгэл дундуур байгаа гэдэгт би итгэлтэй байна” хэмээн бичжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёр удирдагчийн уулзалтыг дэмжиж буйгаа илэрхийлж, “Хэрэв тэд уулзвал гайхалтай хэрэг болно” гэж мэдэгдээд байсан юм. Харин фронтын шугам дээр байлдаан үргэлжилсээр байгаа аж. Украины тал Азовын тэнгис болон эзлэгдсэн бүс нутгийн эргийн усанд явж байсан хэд хэдэн хөлөг онгоцыг цохилтод өртүүлсэн гэж мэдэгдсэн бол Оросын сүүлийн өдрийн агаарын довтолгоонуудын улмаас Украины нутаг дэвсгэрт дор хаяж 13 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархадсан талаар албаныхан мэдээлжээ. Ийнхүү хоёр талын байр суурь улам холдож, дайныг зогсоох боломжит хэлэлцээ ойрын хугацаанд ахиц гаргах төлөвгүй хэвээр байна.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө