Дэлхийн хэмжээний поп од Тейлор Свифт шинэ цомог, аялан тоглолт бүрээрээ шүтэн бишрэгчдээ догдлуулдаг. Харин энэ удаа түүний уран бүтээл бус, Америкийн хөлбөмбөгийн од Трэвис Келсетэй хийх гэж буй хурим нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Свифт, Келси нар сүй тавьснаа өнгөрсөн наймдугаар сар /2025.08/-д зарласнаас хойш шүтэн бишрэгчид нь хуримын тов, байршил болон ёслолын талаархи бүхий л боломжит сэжүүрийг эрчимтэй хайж эхэлжээ. Гэсэн ч хосууд хуримынхаа талаар албан ёсны мэдээлэл тун ховор өгч байгаа бөгөөд энэ нь цахим орчинд төрөл бүрийн таамаг, цуурхал дэгдэхэд хүргээд байгаа аж.
Тейлор Свифт өөрийн уран бүтээлдээ нууц дохио, бэлгэдэл, шүтэн бишрэгчдийнхээ “тайлж унших” дуртай сэжүүрүүдийг байнга ашигладгаараа алдартай ч хувийн амьдралынхаа талаар ийм төрлийн дохио өгдөггүй гэдгээ өмнө нь онцолж байсан юм.
Гэсэн хэдий ч шүтэн бишрэгчид нь түүний дуртай тоо болох 13-тай холбоотой байж болох хуримын өдрүүдийг таамагласаар байна. Тухайлбал, зургаадугаар сарын 13, долоодугаар сарын 6 зэрэг огноог олон нийтийн сүлжээнд хамгийн ихээр хэлэлцэж байгаа аж. Зарим фенүүдийн үзэж буйгаар хурим зуны улиралд болох магадлал өндөр бөгөөд энэ нь Трэвис Келсигийн Америкийн хөлбөмбөгийн шинэ улирлын бэлтгэл эхлэхээс өмнөх хугацаатай давхцаж байгаа аж.
Мөн шүтэн бишрэгчид хуримын ёслол ямар хэв маягтай болох, Свифт ямар даашинз сонгох, түүний алдартай гурван муур ёслолд оролцох эсэх зэрэг олон асуултад хариулт хайсаар байгаа аж.
Гэсэн хэдий ч фенүүдийн дунд түгээмэл байгаа нэг байр суурь нь дуучны хувийн орон зайг хүндэтгэх ёстой гэсэн ойлголт юм. Олон жилийн турш Свифтийн уран бүтээлтэй хамт өссөн шүтэн бишрэгчид түүний аз жаргалтай мөчийг хамтдаа догдлон хүлээж байгаа болохоос биш хувийн амьдралд нь халдахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэх болжээ. Үүний зэрэгцээ цахим таамаглалын зах зээлүүд хуримын тов, байршлын талаар бооцоо хүртэл тавьж эхэлсэн бол шар хэвлэлүүд урилга алдагдсан гэх мэдээлэл болон нэрээ нууцалсан эх сурвалжуудад тулгуурласан олон төрлийн мэдээлэл нийтэлсээр байгаа аж. Харин одоогоор Тейлор Свифт болон Трэвис Келси нар хуримынхаа тов, байршил болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор зарлаагүй хэвээр байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь хариултаа хүлээх болжээ.
Эх сурвалж: BBC