НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн даргаар О.Хонгор сонгогдсон байна.
О.Хонгор нь 2025 оны хоёрдугаар сараас хойш НИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөлийн гишүүнээр сонгогдон улмаар 2026 оны зургаадугаар сарын 05-ны өдөр гишүүдийн саналаар Иргэний зөвлөлийн даргаар сонгожээ. Тэрбээр инженер мэргэжилтэй, англи, хятад хэлтэй, 2016-2017 онд НИТХ-ын ажлын албанд мэргэжилтэн, 2017-2018 онд Нийслэлийн засаг даргын зөвлөх, 2018 оноос “Талын Хишиг групп”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Ташрамд дурдахад, Цагдаагийн албаны тухай хуульд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна” гэсэн заалт бий. Энэ хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 25/38 дугаартай тогтоолоор Иргэний зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлан үйл ажиллагаа явуулж байна. Иргэний зөвлөл нь “Цагдаагийн албаны тухай” хуулийн 62 дугаар зүйлийн хүрээнд хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажилладаг юм.