УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 22 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны тавдугаар сарын 22-ны өдөр УИХ-д өргөн барьжээ.
Хуулийн төсөлд хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан байна. Тодруулбал, улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.
Төслийн дагуу хаврын уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр эсвэл тухайн хугацаанд цаг агаарын нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах бөгөөд товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоох аж.
Мөн морь уралдуулах замын аюулгүй байдлыг бүрэн хангах, хүн болон мал эмнэлгийн тусламжийн баг ажиллуулах, уралдаанчдыг хамгаалах тусгай хувцас, хэрэгслээр хангах зэрэг шаардлагыг хуульчилжээ.
Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулах бөгөөд азарга, соёолон насны морьд 16-17 км, их насны морьд 18-19 км зам туулан уралдахаар төсөлд тусгасан байгаа юм.
Хаврын хурдан морины уралдаан нь хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудлаас шалтгаалан олон жилийн турш маргааны төвд байсаар ирсэн. Одоогийн мөрдөж буй зохицуулалтаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дараа оны тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулах, уралдуулах, сунгаа, үсэргээ хийхийг хориглодог.
Харин энэ удаагийн хуулийн төсөлд хаврын уралдааныг тодорхой шаардлага, аюулгүй байдлын нөхцөлтэйгээр зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан бөгөөд уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах зохицуулалт багтжээ. Уг хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.