АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо

АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо

Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох тухай тогтоол гаргалаа.

Тус намын дотоод сонгууль 2026 оны гуравдугаар сарын 21-нд улс орон даяар зохион байгуулагдсан бөгөөд Сүхбаатар дүүрэгт болсон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор намын гишүүдээс Хяналтын Ерөнхий хороонд гомдол ирүүлжээ. Гомдолд AN.mn цахим системд иргэдийг зөвшөөрөлгүйгээр намын гишүүнээр бүртгэсэн, төрийн албан хаагчдыг намын гишүүнээр бүртгэн санал өгүүлсэн, нэг данснаас олон гишүүний татвар төлсөн, мөн хаягийн бүртгэлгүй, харьяалалгүй 3000 гаруй иргэнийг санал хураалтад оролцуулсан зэрэг ноцтой зөрчил гарсан гэж дурдсан байна. Үүнтэй холбоотой баримт, нотолгоог дотоод сонгуулийн үеэр Хяналтын дэд зөвлөл болон Хяналтын Ерөнхий хороонд хүргүүлсэн аж. Хяналтын Ерөнхий хорооны дунд суудлын хуралдаанаар уг гомдлыг хэлэлцэн, намын Үндсэн дүрмийн холбогдох заалтууд, Сонгуулийн хяналтын дэд хорооны 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, илтгэгчийн танилцуулга болон хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг үндэслэн Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцох шийдвэр гаргасан байна. Мөн Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг дүрэм, журамд нийцүүлэн дахин зохион байгуулахыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтод даалгажээ. Сүхбаатар дүүрэг нь Ардчилсан намын түшиц дүүргүүдийн нэг бөгөөд 2012, 2016, 2020, 2024 оны орон нутгийн сонгуулиудад тус нам ялалт байгуулж байсан юм. Ардчилсан намын XVIII Их хурлаар намын дотоод үйл ажиллагаанд хяналт тавих, сахилга хариуцлагыг мөрдүүлэх, дүрмийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Хяналтын Ерөнхий хороог байгуулсан бөгөөд тус хороо 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.