Амь үрэгдсэнд тооцогдож байсан Балбын хөтөч олон хоногийн дараа Эверестээс ганцаараа бууж иржээ

Амь үрэгдсэнд тооцогдож байсан Балбын хөтөч олон хоногийн дараа Эверестээс ганцаараа бууж иржээ

Эверест ууланд амь үрэгдсэнд тооцогдож байсан Балбын уулчдын хөтөч зургаа хоногийн дараа уулын бэлээс амьд олджээ.

Даваа Шерпа далайн түвшнээс дээш 7,500 метрийн өндөрт Эверестээс бууж байгааг хүмүүс хамгийн сүүлд харсан бөгөөд тэр үеэс хойш сураг тасарсан юм. Ийм өндөрлөгт агаар сийрэг байдаг тул түүний амьд үлдэх магадлал маш бага байлаа. Гэвч Пүрэв гарагт уулын цэвэрлэгээний багийнхан туршлагатай уулчин маань хоёр гараа хөлдөөсөн ч аажмаар гулсан уруудаж явааг олж харжээ.

“Даваа хэдэн өдрийн турш бүхий л саад бэрхшээлийг даван туулж чадсан байна. Үүнийг гайхамшиг гэж хэлэхээс өөр аргагүй” гэж эрлийн ажлыг ахалж байсан 8K Expeditions компанийн гүйцэтгэх захирал Пемба Шерпа хэлсэн байна. Энэ жилийн авиралтын улиралд нийтдээ таван хүн амиа алдаад байгаагийн гурав нь Балбын иргэд байжээ. Энэ улиралд Эверестийн оргилд 1,000 гаруй хүн авирсан нь түүхэн дээд амжилт юм.

Даваа Шерпа уулын бэл дэх бааз руу Хумбу мөсөн хүрхрээг даган аажмаар гулгаж байгааг анх олж харснаа Пемба Шерпа ярьсан байна. “Миний мэдэхийн Эверестийн өндөрлөгт одоогоор хэн ч ганцаараа амьд үлдэж байгаагүй. Зургаа хоног ганцаараа байж, эсэн мэнд бууж ирсэн нь гайхамшиг юм. Тэр өөрийгөө аюулаас аврахын тулд майханд толгой хоргодож байсан байх гэж би бодож байна” гэж тэр ярьжээ.

Лхагва гарагт Британийн тэнгисийн явган цэрэг асан, уулчин Крис Тралл түүнийг нас барсан гэж үзээд Инстаграм хуудсандаа эмгэнэл илэрхийлж байжээ.