Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр мэдээлэл өглөө.
Ашигт малтмалын тухай хуульд сүүлийн 20 жилийн турш томоохон хэмжээний өөрчлөлт ороогүй байна. Улмаар одоогийн байгаа хуульд дүн шинжилгээ хийж үзэхэд нийт 267 давхардал, 150 зөрчил, 150 хийдэл байна гэж үзжээ. 2019 оны Үндсэн хуульд "байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлэн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрхзүйн үндсийг хуулиар тогтоох" тухай өөрчлөлт орсон байна. Иймд Засгийн Газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлээд байгаа аж.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр:
- Уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг өндөр болгож байгаа ба төсөл хэрэгжүүлэгч нь өөрийнхөө хөрөнгөөр 100 хувийн биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх хариуцлагыг тусгажээ.
- Монгол Улсын Засгийн газар чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг гаргаж түүн рүүгээ чиглэсэн бодлогын ажлуудыг хийж хэрэгжүүлэх эрхзүйн үндсийг нээж өгнө.
- Эрэл үнэлгээний ажлыг хувийн төсвөөр хийснээр маш богино хугацаанд Монгол Улсад хаана юу байгааг олж мэдэх боломж олдоно. Олон эрдсийн судалгааг хийх боломж болно.
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн Орон нутгийн нэгдсэн санд 10 хувь хуваарилдгийг 15-20 хувьд хүргэж нэмэгдүүлэх.
- Нөөц ашигласны төлбөрийн АМНАТ-ын асуудлыг олон улсын жишигт нийцүүлж бодлого тодорхойлж байна. Иймд 10 хувьд хүргэнэ. 2010 оноос хойших ордоо нээж илрүүлсэн 20 гаруй төсөл өндөр АМНАТ-с болоод хэрэгжих боломжгүй байна. Улмаар нийт 60,000 ажлын байр бий болно гэв.