Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгана

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу устгана

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийг “Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” гэж 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгах албадлагын арга хэмжээ авсныг “Д” ХХК-аас эс зөвшөөрч “...хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан л бол зөрчил гэж үзэхгүй, харин хадгалахдаа хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн бол зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуульд заасан. ... Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй, харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу хадгалж, зохих арга хэмжээ авах үүрэгтэй. Байцаагч нь нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүй илтэд үндэслэлгүй акт гаргасан гэж хүчингүй болгуулахаар маргасан.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэхэмжлэгч Д ХХК нь устгагдаагүй үлдсэн “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан зөрчил гаргасан нь тогтоогдсон, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн устгах акт үйлдсэн боловч акт үйлдсэнээс хойш 1-с гурван жилийн хугацаанд хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хадгалж байсан нөхцөл байдал тогтоогдсон, мөн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг малын тэжээлээр ашиглаж болохоор хуульд тусгасан гэж нэхэмжлэгч маргаж байгаа ч тус зохицуулалт нь хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгах үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөхгүй гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд Хүнсний тухай хуулийн холбогдох зохицуулалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслээд “ энэ бүртгэлийг хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-с доошгүй хонгийн хугацаанд эсвэл хадгалах хугацаа дууссанаас хойш 1-с доошгүй жил тус тус хадгална” гэж зааснаар хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй байна харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч зохих арга хэмжээ авах үүрэгтэй талаар зохицуулсан гэх агуулгатай дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч хуулийн этгээдийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн мөн өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээс зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн, мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгт хамааралгүй заалтыг хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэх агуулгатай дүгнэлтийг хийж магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.