Монгол Улсын Засгийн газар Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдах 99 хуулийн төслийг Улсын Их Хуралд нэн яаралтай горимоор өргөн мэдүүллээ.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийхдээ Засгийн газрын хэрэгжүүлж буй эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын суурь хууль болох Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хуулиар хориглоогүй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааг төрөөс хязгаарлахгүй байх зарчмыг тусгасан гэв. Түүний хэлснээр цаашид төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагааг дур мэдэн хязгаарлах боломжгүй болох бөгөөд дагалдах 99 хуулийн төсөл нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэж байгаа аж. Үүний хүрээнд гадаадын банк Монгол Улсад байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Одоогоор БНСУ-ын хоёр банк сонирхлоо илэрхийлсэн бөгөөд Унгарын OTP банк Монголбанкны урилгаар Монголд ирэхээр болсон байна.
Мөн иргэн, аж ахуйн нэгжид зориулсан суутган татварыг таван хувь болгон бууруулах, мэргэжлийн нэгдсэн холбоодод төрийн зарим чиг үүрэг, 120 гаруй зөвшөөрөл олгох эрхийг шилжүүлэх зохицуулалтыг тусгажээ. Одоогоор 360 зөвшөөрлөөс 270 гаруйг нь цахимжуулж дууссан бөгөөд ирэх долоо хоногт “И-Бизнес” платформыг нээхээр төлөвлөсөн байна. Хуулийн төсөлд дэвшилтэт технологи, хүнс хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбарын ажилтнуудыг ажлын байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх зохицуулалт мөн багтжээ. Түүнчлэн тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай, энгийн зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор тусгасан байна. Төрийн худалдан авах ажиллагаанд хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухаанд суурилсан зохицуулалт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн хиймэл оюуны төвийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх мэдээллийн технологийн зориулалттай тоног төхөөрөмжийн импортын гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр тусгасан байна.
Ерөнхий сайд Н.Учрал “Бизнесийн эрх чөлөө гэдэг нь шинэ ажлын байр, хөрөнгө оруулалт, шинэ үйлдвэр, шинэ үйлчилгээ, шинэ санааг дэмжих үндэс юм. Авлигын эсрэг, ногоон хөгжлийн, эрх зүйн дүрэм журмын болон эдийн засгийн чөлөөлөлт гэсэн дөрвөн чөлөөлөлтийг хэрэгжүүлэх суурь хуулийг УИХ-д өргөн мэдүүллээ” хэмээн онцоллоо.
ВИДЕО: