"Гурван эрийн наадам" хэмээн маргалдах хооронд П.Сайнзориг нарын санаачилсан бөхийн цол нөхөн олгох хуулийн төсөл чуулганаар хэлэлцэгдэх гэж байна

"Гурван эрийн наадам" хэмээн маргалдах хооронд П.Сайнзориг нарын санаачилсан бөхийн цол нөхөн олгох хуулийн төсөл чуулганаар хэлэлцэгдэх гэж байна

Үндэсний их баяр наадам бол монголчуудын оюун санааны дархлаа, оршин тогтнохын баталгаа болдог хүчтэй “вакцин”. Монголчууд бид наадмын энэ өдрүүдэд үндэсний гэсэн юм бүхнээрээ бахархан дээдлэх хандлага нэмэгддэг нь ч харагддаг. Мөн Монгол бөхчүүдийн хамгийн их хүлээдэг барилдаан ч үндэсний их баяр наадам байдаг билээ. Учир нь ганцхан энэ л барилдаанаар үндэсний бөхийн улсын цол олгодог учиртай юм.

Монгол үндэсний бөхөд хамгийн том гэгддэг гурван том барилдаан бий. Тодруулбал, Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, Цагаан сарын барилдаан, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярт зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдааныг нэрлэж болно. Мөн наадмаас гадна дээрх хоёр барилдаанд улсын цол олгодог байх санаачилга ч өмнө жилүүдэд мэр сэр яригдаж байлаа. Үүнээс нэг жишээ дурдвал, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой 2011 онд тохиож байв. Тухайн үед  Ардчилсан намын бүлэг Манжийн дарлалаас салж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ой тохиож буй тул онцгойлон үзэж Улсын наадмын адил цол олгох нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн байдаг. Гэсэн ч үндэсний их баяр наадмын үнэн цэнийг хадгалах үүднээс энэ санал дэмжигдээгүй тул тус барилдаанд түрүүлсэн бөхөд Ерөнхийлөгчийн цом олгодог байх зохицуулалтыг хийсэн билээ.

- ӨНӨӨДРИЙН ЧУУЛГАНААР ӨРГӨН БАРИГДСАН НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХАА ХҮРЭХ НЬ ЭЦЭСЛЭН ШИЙДЭГДЭХ УЧИРТАЙ- 

Харин сүүлийн хэдэн өдөр Үндэсний их баяр наадмыг тухай хуулийн төслийг тойрсон маргаан улс төрийн хүрээнд, бөхчүүд, бөх сонирхогч үзэгчдийн дунд ч хүчтэй өрнөх боллоо.  Тодруулбал, өнөөдрийн байдлаар манай улсад “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гурван хуулийн төсөл өргөн баригджээ. Үүнээс О.Амгаланбаатар нарын 41 гишүүн болон П.Сайнзориг нарын 19 гишүүний өргөн барьсан хуулийн төслүүд хэлэлцүүлгийн төвд ороод байгаа юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны зургаадугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар дээрх нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцсэн бөгөөд О.Амгаланбаатар гишүүний өргөн барьсан хуулийн төслийг бүхэлд нь дэмжээгүй.  Харин П.Сайнзориг гишүүний санаачилсан  хуулийн төслийг байнгын хорооны гишүүд дэмжсэн билээ. Үргэлжлүүлэн өнөөдөр /2026.06.03/ УИХ-ын чуулганаар эдгээр хуулийн төслүүд хаа хүрэх нь эцэслэн шийдэгдэх учиртай.

- 2021 ОНЫ БАРИЛДААНД ШӨВГӨРСӨН 16 БӨХИЙН ЦОЛЫГ НӨХӨЖ ОЛГОНО ГЭВ- 

Дээрх хоёр төсөлд нэг ижил зорилго байгаа нь бөхчүүдэд цол нэмж олгох тухай асуудал юм. Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр Улсын наадмын хүрээнд болсон МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд амжилттай барилдсан бөхчүүдэд цол олгох эсэх асуудлыг шийдэж, баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн цолыг нөхөн олгохоор тусгажээ. Тухайлбал, Улсын заан Б.Бат-Өлзий Улсын харцага Э.Ууганбаяр тэргүүтэй 17 бөхийн цолыг нөхөж олгох юм.

Тэгвэл 2021 оны энэхүү барилдааныг наадам биш байсан гэж үзэх хүмүүс олон бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Цол нь олгогдоогүй бөхчүүдийн амжилтыг нь нөхөж олгоё гэж байна. Тэр бол наадам биш. Би барилдааныг яг очиж үзэж байсан. Төв асраар орсон. Тэр бол залуучуудын холбооны ТББ-ын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээн зөвшөөрөх юм бол бөөн талцал руу аваачна. Б.Бат-Өлзий наадамд бүртгүүлсэн байхыг нь харахад хүртэл сайхан санагддаг миний хайртай бөх. Гэхдээ одоо бид нарыг гаргасан шийдвэрээс болоод Улсын арслан болоод одоо ид барилдаж байгаа Э.Батмагнай, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон бүгдийнх нь дээр эрэмбээрээ гараад ирнэ. Нөгөө залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү. Бөхчүүдтэйгээ зөвлөлдсөн үү” гэсэн асуултыг тавьж буй юм.

- "БӨХ НЬ ТӨРӨӨ ДАГАДАГ БАЙТАЛ, ТӨР НЬ БӨХӨӨ ДАГАЖ БОЛОХГҮЙ" - 

Түүнчлэн бөх сонирхогч, үзэгчдийн дунд “Ховд аймгийн харьяат УИХ-ын даргатай болсноос хойш энэ яриа хүчээ авах боллоо. Бөх нь төрөө дагадаг байтал, төр нь бөхөө дагаж болохгүй” гэх яриа ч мөн гараад буй. Түүнчлэн хууль санаачилсан гишүүд болох О.Амгаланбаатар баруун бүсээс, П.Сайнзориг Өвөрхангай зэрэг шинээр цол авах бөхчүүдийн нутгаас сонгогдсон нь маргаан дагуулаад байна. Тодруулбал, хуулийн төсөл батлагдвал Ховд аймгийн улсын цолтой бөхчүүд нэг арслан, гурван харцагаар бүл нэмэх юм.

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны наадмыг албан ёсоор цуцалж, 2022 онд Ардын хувьсгалын  100,101 жилийн ойн барилдаан хэмээн 1024 бөх барилдуулсан байдаг.  Харин хууль санаачлагчид 2021 оны наадмын морь, сурын харваанд цол олгосон хэмээн барьцах хандлагатай байгаа. Тэгвэл энэ хуулийн төсөл  батлагдвал 2022 оны наадмын зарим давааг хүчингүй болгож, түрүүлсэн улсын аварга О.Хангай арслан цолтой болж, үзүүрлэсэн улсын арслан Б.Орхонбаяр гарди цолтой болох учиртай юм. Түүнчлэн тус барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ аваагүй бөгөөд шинжилгээ аваагүй бөхөд цол олгож болох эсэх асуудал ч давхар яригдана. 

Мөн энэхүү хуулийн төслөөр 1987 оноос өмнөх бөхийн цолны асуудлыг ч сөхөж байгаа ажээ. Энэ талаар П.Сайнзориг гишүүн "Хууль батлагдвал 1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. 70 жилийн ойгоор үзүүрлэсэн П.Сүхбат агсанд цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ. Гурван удаа үзүүрлэсэн Мөнх-Эрдэнэ улсын арслан цолтой болж байсантай адил өөрийн хүсэлтээ гаргаж байсан Б.Гантогтох гардид улсын арслан цолыг нөхөж өгнө. 2021 оны наадамд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цол, Ууганбаяр, Ч.Батчулуун, Довчинсэмбээ, Э.Амгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар нарын асуудлыг шийднэ. Гэхдээ бүгдэд өгнө гэсэн зүйл байхгүй, өөрөө хүсэлтээ гаргавал шийднэ. Бөхийн холбооноос албан ёсоор санал авахыг дэмжиж, 17 бөхийн нэр өгсөн" гэлээ. 

- О.АМГАЛАНБААТАР: ОДООГИЙН ЭРИЙН ГУРВАН НААДАМ БОЛ УГТАА "ГУРВАН ЭРИЙН НААДАМ" 

Нөгөө талд О.Амгаланбаярын санаачилсан хуулийн төсөл баяр наадмыг тодорхойлсон нэрнээсээ эхлээд олон түмний эгдүүцлийг төрүүлээд байна. Тодруулбал, хуулийн төсөлд “Улсын баяр наадмаар ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулна. Эрийн гурван наадам үндэсний бөх барилдах, их насны морь унаж уралдах, сур харваанаас бүрдэнэ” хэмээн тусгажээ. Үүнийг О.Амгаланбаатар гишүүн өөрөө тайлбарлахдаа, одоогийн эрийн гурван наадам бол угтаа “Гурван эрийн наадам” юм хэмээж буй.  Тодруулбал, нэг эр хүн морио унаж, бөхөө барилдаж, сураа харваж наадахыг “эрийн гурван наадам” гэж нэрлэх юм байна. Монголчууд Манжид эзлэгдэхээс өмнө ингэж нааддаг байсан хэмээн тэрбээр тайлбарлаж буй бөгөөд, энэ ёсоо сэргээж баяр наадмын дараа 15,16-ны өдөр зохион байгуулна гэж буй. Мөн түүнийхээр одоогийн бидний уламжлалт наадам буюу морь унаж, бөх барилдаж, сур харвахыг гурван өөр хүн хийж байгаа наадам нь “Гурван эрийн наадам” ажээ.

Түүнчлэн О.Амгаланбаатар гишүүний хуулийн төсөлд Дэлхийн Монгол наадмыг 2026 оноос эхлэн гурван жил тутам зохион байгуулж, уг наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны төрлүүдэд дэлхийн аварга цол олгоно. Мөн гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно. 128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгоно гэсэн бөхтэй холбоотой хэд хэдэн заалт байгаа юм.

Энэ хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг нь Б.Баярбаатар гишүүн болоод байна. Тэрбээр “Одооноос эхлээд бөхчүүд сур харвааны бэлтгэлд гарах хэрэгтэй байна. Морио өөрөө унаж уралдах юм байна. Энд шагай харвааны асуудал орж ирэх үү? Нэг мөсөн бууж ирээд шагайгаа харвачих нь бас зөв байлгүй дээ” гэх зэргээр ёжилсон агуулгатай асуултыг байнгын хорооны хуралдаанд тавьж байлаа.  Түүнчлэн гадаадад болсон барилдаанд цол олгож эхлэвэл санаа нийлсэн хүн Хөх хотод очиж наадам зохион байуулж, аймгийн цолтой болоод ирэх боломжтойг дурдаж, элчин сайд нар цолны наймаанд орох эрсдэлтэйг сануулсан юм. 

Биднийг "гурван эрийн наадам" хэмээн маргалдаж байх хооронд өнөөдөр /2026.06.04/ УИХ-ын чуулганаар Баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн хувь заяа шийдэгдэнэ. Хуулийн төсөл батлагдвал 2021 оны барилдаанд амжилт гаргасан бөхчүүдийн цолыг нөхөн олгох асуудал нэг мөр болохоос гадна үндэсний бөхийн цол олголтын тогтолцоонд өмнө нь байгаагүй өөрчлөлтүүд орж ирэх юм. Харин нөгөө талд Үндэсний их баяр наадам бол монголчуудын төрт ёс, үндэсний бахархал, тусгаар тогтнолын бэлгэдэл учраас улсын цолны үнэ цэн, уламжлалт тогтолцоог хадгалах ёстой гэсэн байр суурь мөн хүчтэй байна. Тиймээс энэ удаагийн хэлэлцүүлэг нь зөвхөн хэдэн бөхөд цол нөхөн олгох эсэх асуудал бус, цаашид үндэсний бөхийн цол ямар шалгууртай байх, наадмын дэвжээний үнэ цэн хэр хэмжээнд байх вэ гэсэн том асуултын өмнө Монголын нийгмийг авчирч байгаа юм. 

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө