Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд А.Амартүвшиний оронд Г.Жаргалсайханыг эргэн томилох асуудал яригдаж эхэлжээ

Хотын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд А.Амартүвшиний оронд Г.Жаргалсайханыг эргэн томилох асуудал яригдаж эхэлжээ

Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн онцлох үйл явдлын нэг нь Улаанбаатар хот шинэ удирдлагатай болсон явдал байв. Өмнөх хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XII хуралдаан зохион байгуулагдаж, төлөөлөгчдийн 92.3 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилохыг дэмжсэн юм.

Шинээр томилогдсон хотын дарга Б.Пүрэвдагва ажлаа хүлээн авах үеэрээ хотын тулгамдсан асуудлуудад улс төрийн өнцгөөс хандахгүй, халаа сэлгээ хийхгүй ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Гэсэн хэдий ч тэрбээр Нийслэлийн Засаг даргын ажлын албаны даргаар Ж.Эрдэнэбаярыг, хуулийн зөвлөхөөр Ү.Амарбатыг томилсон байна. Ү.Амарбат нь Улсын Их Хурлын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан бол Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байх үед Парламентын сурталчилгааны хэлтсийн даргын албан тушаал хашиж байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, хотын даргын дараагийн томоохон өөрчлөлт нь орлогч дарга нарын түвшинд хийгдэх магадлалтай байна. Одоогоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Б.Мөнхбат, Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор А.Амартүвшин ажиллаж байгаа юм.

Тэгвэл Б.Пүрэвдагва өөрийн бүрэн эрхийн хүрээнд хоёрдугаар орлогч А.Амартүвшиний оронд Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Г.Жаргалсайханыг томилох асуудал яригдаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Г.Жаргалсайхан нь хотын дарга асан Х.Нямбаатарын үед Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор тав хоног ажилласан бөгөөд Х.Нямбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөхийн өмнөхөн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм.