Ч.Номин: ААН-үүд 371 төрлийн зөвшөөрлийг И-Бизнес платформоор цахимаар авдаг болно

Ч.Номин: ААН-үүд 371 төрлийн зөвшөөрлийг И-Бизнес платформоор цахимаар авдаг болно

Засгийн газрын өнөөдрийн /2026.06.03/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин "Чөлөөлье" санаачилгын хүрээнд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэв. Тэрбээр И-Бизнес платформын 2.0 хувилбарыг хөгжүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан аж ахуйн нэгжүүд Зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 төрлийн зөвшөөрлийг цахимаар авах боломж бүрдэж байгааг онцоллоо.

Мөн төрөөс үзүүлж буй үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд хоёр цагийн дотор шинэ бизнесээ бүртгүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болох юм байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 15 төрлийн гэрээний загварыг платформд байршуулах бөгөөд ингэснээр талууд хоорондоо цахимаар гэрээ байгуулах нөхцөл бүрдэх аж. И-Бизнес платформыг энэ сарын 12-нд албан ёсоор нээхээр төлөвлөжээ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах үед зээлийн гэрээг цахимаар байгуулах эрх зүйн зохицуулалтыг тусгаж байгааг мэдээллээ.

Мөн И-Монголиа системд "Эрсдэл мэдээлэх" шинэ цэс нэвтрүүлж байгаа бөгөөд иргэд нийтийн эзэмшлийн талбай, зам, галын аюул болон бусад эрсдэлийн талаар мэдээлэл өгөх боломжтой болно. Уг мэдээлэл төрийн нэгдсэн ХУР системээр дамжин 1111 төвд бүртгэгдэж, холбогдох байгууллагад шилжин шийдвэрлэгдэх юм байна. Шинэ цэс нээгдсэнээс хойш дөрөв хоногийн хугацаанд 125 орчим мэдээлэл хүлээн авчээ.

Түүнчлэн зургаадугаар сарын 15-наас эхлэн түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын байгууллагад байршлаа автоматаар дамжуулах SOS технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэхээр болсон байна. Энэхүү систем нь дуудлага өгч буй иргэний байршлыг үнэн зөв тодорхойлж, яаралтай тусламжийн хугацааг дунджаар 1.5 минутаар богиносгох боломжтой аж. Мөн хүүхдийн цахим орчны аюулгүй байдлыг хангах зорилготой хуулийн төслийг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгааг мэдээллээ.