Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Бизнесийн эрх чөлөөний хуулийг УИХ-д өргөн барина

Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилгоор Бизнесийн эрх чөлөөний хуулийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой танилцуулга мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Зөвшөөрлийн тухай хууль, бусад холбогдох 115 хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг дэмжсэн. Монгол Улс өнгөрсөн онд эдийн засгийн эрх чөлөөний индексээр 184 орноос 74 дүгээр байрт эрэмбэлэгдсэн. Энэ нь дунджаас дээгүүр үзүүлэлт боловч хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлын шалгуураар 109 дүгээр байрт жагсаж, харьцангуй хойгуур үнэлэгдэж байна" гэжээ.

Мөн одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 онд батлагдсан бөгөөд хөрөнгө оруулалтын хэлбэр, татварын болон татварын бус дэмжлэг, татварын орчны тогтвортой байдал, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зэрэг асуудлыг зохицуулдаг болохыг дурдсан байна. Түүний хэлснээр, хуулийн одоогийн суурь зохицуулалтыг хадгалж үлдэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг төсөлд тусгажээ.

Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс өнгөрсөн хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, хөрөнгө оруулалтын орчин, төрийн байгууллагуудтай холбоотой гомдол, маргааныг судлан, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Эдгээр ажлын үр дүнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд хууль эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг боловсруулжээ.