"Транс тосны хяналтын тухай" хуулийн төслийн санаачилгад иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

"Транс тосны хяналтын тухай" хуулийн төслийн санаачилгад иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг транс тосны хэрэглээг хязгаарлах, хяналтыг сайжруулах зорилготой өргөдөлд иргэдийн гарын үсгийг цахимаар цуглуулж эхэлжээ.

"Транс тосны хяналтын тухай" бие даасан хууль батлуулах уг өргөдлийг иргэн Ж.Амарсанаа санаачилж, 2026 оны тавдугаар сарын 30-ны өдөр D-Өргөдөл системд байршуулжээ. Өргөдлийн хүрээнд 100 мянган иргэний гарын үсэг цуглуулахыг зорьж буй бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн 23:28 цаг хүртэл санал авах юм. 

Өргөдөл санаачлагчийн тайлбарласнаар, сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, цусны даралт ихсэх зэрэг өвчлөл нэмэгдэж байгаа нь транс тосны хэрэглээтэй холбоотой талаар олон улсын судалгаанууд тогтоосон байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас транс тосыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний найрлага гэж үзэн улс орнуудад хууль эрх зүйн зохицуулалт хийхийг зөвлөдөг аж. Өргөдөлд Монгол Улсад транс тосны хэрэглээний хяналт хангалтгүй, бүтээгдэхүүний шошгололт тодорхой бус, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд тавих хяналт сул, иргэдийн мэдлэг мэдээлэл дутмаг байгааг онцолжээ.

Тиймээс дараах асуудлыг хууль эрх зүйн түвшинд шийдвэрлэхийг хүссэн байна. Үүнд:

  • "Транс тосны хяналтын тухай" бие даасан хууль батлах
  • Хүнсний бүтээгдэхүүн дэх үйлдвэрийн транс тосны дээд хэмжээг тогтоох
  • Транс тосны агууламжийг бүтээгдэхүүний шошгон дээр заавал тэмдэглэх
  • Сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллагад транс тос агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
  • Импортын болон дотоодын үйлдвэрлэлийн хүнсэнд тогтмол хяналт тавих
  • Иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол хүргэх
  • Эрүүл хүнсний хэрэглээг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг саналыг тусгажээ.