Төв аймгийн Заамар суманд уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай охиныг нас барсан байдалтай олсон тухай харамсалтай мэдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр олон нийтэд хүрч, улс орон даяараа эмгэнэл илэрхийлсэн.
Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан өргөн дэлгэр тэмдэглэдэг Хүүхдийн баяр ч даруухан уур амьсгалтай болж өнгөрлөө. Харин охиныг нас барсан байдалтай олсон тухай мэдээлэл түгсэн өдөр /2026.05.30/ УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара хувцасны дэлгүүрийн сурталчилгаа хийн бүжиглэж буй бичлэгээ өөрийн цахим хуудсанд нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Хариуцлагагүй уул уурхайн уршгаар бяцхан хүүхэд амиа алдсан эмгэнэлт хэрэгт олон нийт эмзэглэж байсан энэ үед төрийн түшээ хүн ийнхүү баяр хөөртэй агуулга бүхий бичлэг нийтэлсэн нь цаг үеэ мэдрээгүй үйлдэл байсан хэмээн зарим иргэн үзэж байгаа юм.