Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайн хэрэгт түүний эхнэр Б.Анхтуяагийнх нь үеэл дүү гэх Н.Билгүүнийг хамжигчаар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Н.Билгүүнийг цагдан хорьсон шүүгчийн захирамжид түүний өмгөөлөгч нар гомдол гаргаж, суллуулахаар шүүхэд хандсан ч шүүх тус гомдлыг хэлэлцээд хүлээж аваагүй байна.
Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Билгүүнд бусдыг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн байдаг.
Тус шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд, шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. Харин яллагдагч Н.Билгүүний өмгөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянан хэлэлцээд дээрх шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, прокурорын саналыг хүлээн авсан талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.