УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар нь энэ оны хоёрдугаар сарын 05-ны /2026.02.05/ өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан. Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, дууссан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Тайван нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж. Харин прокуророос тус хэрэгт хэзээ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх талаарх мэлээлэл одоогоор алга байгаа юм. Ямартай ч хоёр сар гаруйн өмнө тус хэрэг мөрдөн байгууллагаас прокурорт шилжсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Тайван нар дээрх зодооны дараа хэн хэн нь шүүх эмнэлэгт хандсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдэнд хөнгөн гэмтэл тогтоогдсон аж. Мөн П.Сайнзориг, Х.Тайван нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.
Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг мөн Тагнуулын байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа юм.
Тодруулбал, иргэн О.Отгонтөгс нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарыг шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан. Ингэхдээ тэрбээр "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон ТББХ-ны хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн.
Улмаар уг асуудлыг Үндсэн хуулийн Цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Их суудлын хуралдаанаар хэлэлцээд, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр гаргасан" гэдгийг дурдсан байдаг. Мөн уг асуудал нь "Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйлд заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах" 12-15 жилийн ялтай Тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэрэг" гэдгийг тодотгосон байсан юм. Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газраас иргэн О.Отгонтөгсийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг харьяаллын дагуу Тагнуулын Ерөнхий газарт шилжүүлж, улмаас тус газраас түүнийг яллагдагчаар татсан байдаг аж.