Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Монгол Улсад өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал “Хүүхдийн зуслангууд хэдэн томчуудын амралтын газар болсон. Шударга бусаар хувьчилсан хүмүүсийг олон нийтэд зарлана” хэмээсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Isee.mn сурвалжлах баг 2003 он хүртэл төрийн өмчит хүүхдийн зуслан байсан “Янзага зуслан”-гаас энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
1978 онд байгуулагдсан тус зусланд очиход, гадаах хашааны хаалгаа төмөр гинжээр цоожилсон байв. Зарим хувийн зуслангуудын хувьд хүүхдүүдийн хичээл амрах дөхөж буй учраас альхэдийн үйл ажиллагаа нь эхэлчихсэн, ажил бужигнаж байхад бидний очсон “Янзага” зусланд харуул, хамгаалалтын ажилтан ч байсангүй. Төв зам дагуу байрлуулсан тус зуслангийн самбар дээрх дугаар луу холбогдож энэ жилийн үйл ажиллагааны талаар тодруулах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байлаа.

-“ЯНЗАГА” ЗУСЛАН НЬ ЗУНЫ ГУРВАН САР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛДАГ, НЭГ ЭЭЛЖИНДЭЭ 200 ГАРУЙ ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ-
“Янзага” хүүхдийн зуслан нь Хандгайтын аманд 1978 онд байгуулагдсан. Гэвч 2003 онд “Янзага” хүүхдийн зусланг “Би энд Си” ХХК хувьчилж авсан байдаг. “Би энд Си” ХХК нь хоёр эзэмшигчтэй бөгөөд Монголын үндэсний их сургуулийн үүсгэнэ байгуулагч, ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат болон Технологийн дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Барамсай нар эзэмшдэг байна. “Янзага” зусланг хувьчилж байх энэ үед буюу 2003 онд УИХ-ын даргаар С.Төмөр-Очир ажиллаж байжээ.
“Янзага зуслан”-гийн эзэмшигч Б.Барамсай болон УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир нар харилцаа хамааралтай хүмүүс гэдэг нь зарим баримтаар нотлогддог. Тодруулбал, 2004 онд тухайн үеийн “Хүнсний технологийн коллеж” буюу одоогийнхоор “Технологийн дээд сургууль”-ийг С.Төмөр-Очир нь Б.Барамсайтай хамтарч хувьчлан авч байжээ. Тэдний хувьд 2003 онд “Янзага” зусланг, 2004 онд ““Хүнсний технологийн коллеж”-ийг төрийн өндөр албан тушаалд байхдаа өөрийн болгосон аж. Үүнээс үүдэн олон нийтийн дунд тус зуслангийн өмч, хувьчлалын асуудал шударга бус явагдсан гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

-"ХҮНСНИЙ ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙГ 825 САЯ ТӨРГӨРӨӨР МЕНЕЖТЕНТИЙН ХУВЬЧЛАЛ ХЭМЭЭН Б.БАРАМСАЙД ӨГСӨН"-
Мөн 2024 онд их хэмжээний авлигын хэрэгтэй холбоотой менежментийн хувьчлалыг хүчингүй болгохоор Төрийн Өмчит Бодлого Зохицуулалтын Газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн асуудлаар “Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар "2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд ерөнхий сайд асан М.Энхболд, түүний эхнэр Ж.Туяацэцэг, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Улсын боловсролын хорооны нэгжийн дарга Б.Барамсай нар нийлж, Хүнс, хөнгөний техник мэргэжлийн сургуулиудыг нэгтгэж, "Хүнсний технологийн коллеж" гэх маш их хөрөнгөтэй сургуулийг гурван өрөө байрны мөнгөнд хүрэхгүй буюу 825 сая төгрөгөөр үнэгүйдүүлж, менежментийн хувьчлалаар гавьяат багш Б.Барамсайд өгсөн. Үнэгүйдүүлж авч өгсөн авлигадаа том том байшинг нь хувааж өгч байна.
С.Төмөр-Очирт Хүнс, хөнгөний техник мэргэжлийн сургуулийн оюутны дотуур байрыг газартай нь авлига байдлаар өгчхөөд, төрийн бус байгууллага байгуулж, хувийнхаа дансаар хэдэн зуун сая төгрөг авсан.
Энэ баримтуудыг бид 2023 оны наймдугаар сард улсын төв архивын тамга, бичигтэй нь олж мэдсэн” хэмээн мэдэгдэж байжээ.

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр төрийн дээд албан тушаалтнууд хүүхэд рүү чиглэсэн амлалт, мэдэгдлийг хийдэг нь уламжлал болжээ. Ерөнхий сайд Н.Учрал хувийн байгууллагуудад шилжсэн зуслангуудын талаар мэдэгдэл хийсний араас шинэхэн Хотын дарга Б.Пүрэвдагва өчигдөр /2026.06.01/ Сүхбаатарын талбайд болсон "Хаки" хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээний үеэр 1000 хүүхдийн багтаамжтай дөрвөн улирлын зусланг 2028 онд ашиглалтад оруулна хэмээн мэдэгдлээ. Гэвч энэхүү зусланг ашиглалтад орсны дараа л хийсэн гэж итгэхгүй бол өмнөх дарга нарын амласан амлалтад хууртсан "гашуун" туршлага бидэнд олон бий.
