Өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас мэдээлэл хийлээ. Тус газраас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаа юм байна.
"Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар/тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна.
Иймд ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлжээ. Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлнэ гэдгийг дуулгалаа.
Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам хэлэхдээ, “2019 оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар буурсан байна. Шатахууны үнийн зөвлөлийн зөвлөмж зургадугаар сарын 4-нд гарч, зөвлөмжийн дагуу зарим ААН шатахууны үнээ бууруулсан. Харин зарим нь бууруулахгүй байна. Иймд үнээ буулгаагүй ААН-үүдэд шаардлага хүргүүлж байгаа” гэлээ.
Мөн тэрээр ШӨХТГ-ын 1284 утас буюу хэрэглэгчийн гомдлыг хүлээж авдаг бөгөөд үсчний газруудтай холбоотой гомдлын тоо нэмэгдсэн талаар мэдээллэв. Үүнтэй холбогдуулан таван үсчний газарт гэнэтийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулжээ. Шалгалтын явцад зарим зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, зөвшөөрлийн хугацаагаа сунгаагүй, үйлчилгээ үзүүлж буй үсчингүүд мэргэжлийн үнэмлэх болон эрүүл мэндийн дэвтэргүй байх, эрүүл ахуй халдвар хамгааллын талаар ойлголтгүй байх гэх мэт түгээмэл зөрчил илэрсэн байна.