Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хуралдааныг удирдан явууллаа.
Хурлаар үерийн эрсдэлээс хамгаалах ажил, “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын бэлтгэл, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн 20 үүрэг даалгаврын хэрэгжилт 77.5 хувьтай байгааг танилцуулсан байна. Үүнээс гадна нийслэлд үерийн хамгаалалтын далан суваг цэвэрлэх, борооны ус зайлуулах шугам угсрах, хуучин шугамуудыг угааж цэвэрлэх ажлууд үргэлжилж буй талаар мэдээлэл өгчээ. Тухайлбал, энэ онд үерийн хамгаалалтын 31 байршилд лаг хагшаас цэвэрлэхээр төлөвлөснөөс зургаан байршилд ажил дууссан байна. Мөн авто замын борооны ус зайлуулах шугамын угсралт, засварын ажлууд хэд хэдэн байршилд үргэлжилж байгаа аж.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга Б.Пүрэвдагва махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, төсвийн тодотголын бэлтгэлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангах зэрэг үүрэг чиглэл өглөө.