Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Даваадалайд “нийтийн албан тушаалтан хахууль авах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж буй.
Прокуророос “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, мөн дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон” хэмээн үзэж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Тус саналыг шүүх хянан хэлэлцээд, 2026 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/003730 дугаар шүүгчийн захирамжаар прокурорын саналыг хүлээн авч, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. Харин яллагдагчийн өмгөөлөгч Э.Баасанжаргал уг захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Түүний гомдлыг өнөөдөр /2026.05.28/ тус шүүхийн Ерөнхий шүүгч 2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд, анхан шатны шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, шаардлага хангасан гэж үзэн хэвээр үлдээжээ. Ингэснээр өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзсан гэсэн үг юм.
Сануулахад, Т.Даваадалай нь “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтанд орсон аж ахуйн нэгжүүдээс гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болоод байгаа юм.