“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачлага GPOI” хөтөлбөртэй хамтран 2019 онд дөрөв дэх удаагаа энэ сарын 14-нөөс 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энхийг дэмжих олон улсын сургуулийн нээлт Тавантолгой дах Зэвсэгт хүчний нэгдсэн төвд маргааш буюу 2019 оны зургадугаар сарын 15-ны өдөр 11.00 цагт эхлэх бөгөөд энэ жил “Хааны эрэлд-2019” энхийг дэмжих олон улсын сургуульд 37 орны 1400 гаруй цэргийн алба хаагчид оролцох аж.
Тус сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний хамтын ажиллагааг сайжруулахад оршдог. Түүнчлэн олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудыг зохион байгуулах аж.
Тус сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Энэ жил Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс зэрэг улсууд анх удаагаа оролцож байгаа юм.