Ч.Өнөрбаяр: Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүдтэй ҮХЦ-ийн гаргасан шийдвэр цаанаа улс төрийн ашиг хонжоотой мэт харагдаж байна

Ч.Өнөрбаяр: Бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүдтэй ҮХЦ-ийн гаргасан шийдвэр цаанаа улс төрийн ашиг хонжоотой мэт харагдаж байна

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өчигдөр/2026.05.27/ болж, “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “...зөвхөн нэг удаа...” гэх хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон.  Ардчилсан нам ээлжит 4:11 мэдээллийн хөтөлбөрөөрөө энэ асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр “Үндсэн хуулийн цэц өчигдөр Үндсэн хуулийн үзэл баримтлалын эсрэг бүдүүлэг шийдвэр гаргалаа. Ардчилсан Үндсэн хуулийн амьд дуу хоолой, илэрхийлэл нь ҮХЦ өөрөө байх ёстой. Гэтэл цэцийн дарга болон зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байхад ийм шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн ашиг хонжоотой мэт харагдаж байна” гэв.

Мөн Улсын дээд шүүх шударга ёсыг тогтооход голлох үүрэгтэй байгууллага гэдгийг онцлоод “Өнөөдөр Монгол Улсын авлигын индекс 124 дүгээр байр хүртэл ухарсан. Үүнд зөвхөн Авлигатай тэмцэх газар бус шүүхийн байгууллага ч хариуцлага үүрэх ёстой. Сүүлийн зургаан жилийн хугацаанд шударга ёс бэхжсэнгүй, нийгмийн бухимдал буурсангүй” хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн сөрөг хүчний улс төрчдийг улс төрийн зорилгоор шахан хавчих хандлага байгааг шүүмжилж, “Шоронгоор айлгадаг бодлогоо өөрчлөх цаг болсон. Бизнес эрхлэгчид алдагдал хүлээвэл дампуурдаг л байх ёстой. Гэтэл улс төрийн зорилгоор эрүүгийн хуулийг ашиглаж, дарамт шахалт үзүүлдэг байдал бий болсон” гэж хэлэв. Тэрбээр мөрдөн шалгах байгууллагууд мөрдөн байцаалтын нууц нэрийн дор хүний эрхэд халдаж байгааг мөн шүүмжилсэн юм. “Хүний үндсэн эрхийг зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр хязгаарлах ёстой. Гэтэл өнөөдөр мөрдөн байцаалтын нууц нэрийн дор хүний эрх зөрчигдөж, хуулиар айлгадаг тогтолцоо бий болсон” гэв. Мөн шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгааг дурдаад “4.3 их наяд төгрөгийн хохирол барагдуулах шүүхийн шийдвэр гарсан ч үүнээс ердөө 1.2 их наяд төгрөгийг л барагдуулсан. Шүүхийн шийдвэр биелдэггүй улсад хэн ч зоригтой бизнес хийхгүй. Хуулийн хэрэгжилтийг хангаж чадахгүй бол Засгийн газар, Ерөнхий сайд өөрөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

ВИДЕО: