Монгол Улсын Элчин сайд Ж.Оюунбаатар Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсын Элчин сайд Ж.Оюунбаатар Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Оюунбаатар 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт Итгэмжлэх жуух бичгээ барив.

Ёслолын үеэр Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь түүнд мартагдахааргүй дурсамж үлдээсэн талаар дурдаж, Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирдгээ илэрхийлсэн байна. Элчин сайд Ж.Оюунбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, батлан хамгаалах, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү анхаарал хандуулах зорилгоо илэрхийлжээ. Мөн тэрбээр энэ оны 10 дугаар сард Берлин хотноо нээлтээ хийх “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн талаар санал солилцсон бөгөөд Франкфурт ам Майн хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээх шийдвэр гарсан талаар мэдээлсэн байна. Энэ нь хоёр улсын иргэдийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд үзжээ. Түүнчлэн энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар өндөр түвшинд оролцож, хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хариуд нь Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд Ж.Оюунбаатарт баяр хүргэн ажлын амжилт хүсээд, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлжээ.