Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өнөөдөр /2026.05.27/ Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тэтгэврийг өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны гэсэн төрлүүдтэй байхаар хуульчилжээ. Дээрх тэтгэвэр авагч иргэдийн орлогын эх үүсвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу үүсэж, байнгын тогтвортой орлоготой байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд тус тус заасны дагуу зээлийн гэрээ байгуулах эрхтэй болдог аж.
Тэтгэврийн зээлийн гол зорилго нь өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн байдаг. Энэхүү зорилгыг баталгаажуулж “Ахмад настны тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Ахмад настны орлогын баталгааг хангах зорилгоор тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон инфляцийн өөрчлөлтийг харгалзан Засгийн газар тухай бүр нэмэгдүүлнэ” гэж хуульчилжээ. Гэвч ахмад настны нийгмийн баталгааг хангахад дан ганц орлогыг нэмэгдүүлэхээс гадна тэтгэврийн зээлийн хүүг багасгах шаардлагатай гэж төсөл санаачлагч үзсэн байна.
Мөн Монгол Улсын нийт ахмадуудын 70 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Өнөөдөр инфляц, үнийн өсөлтөөс хамааран тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа ахмадууддаа зээлийн хүүг хамгийн бага хэмжээнд барих үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг төсөл санаачлагч гишүүн энэ үеэр тодотгов.
Зээлийн хүүг банк тогтооно гэж хуульчилж өгсөн тул ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг багасгах үүднээс Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд нэмэлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хуульд өөрчлөлт оруулснаар бодлогын хүү дээр банкны дотоод зардлыг нэмээд тухайн банкны хамгийн бага хүүгээр тэтгэврийн зээлийн үйлчилгээ үзүүлнэ гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.