Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнийг энэ сарын 22-ны /2026.05.22/ өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.
Тодруулбал, Т.Даваадалай нь “Туулын хурдны зам”-ын төслүүдийн сонгон шалгаруулалтанд орсон аж ахуйн нэгжүүдээс гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Анхтуяа болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, мөн Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг гээд нийтдээ 6.6 тэрбум төгрөгийг авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болоод байгаа.
Тиймээс ч Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах, 17.4 дүгээр зүйл буюу хөрөнгө завших гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Мөн үүнтэй холбоотойгоор прокурорын саналаар шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Тэгвэл Т.Даваадалайгийн өмгөөлөгч түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байна. Харин түүний гомдлыг шүүх хэлэлцэх хурал товлогдоогүй байгаа аж. Ямартай ч цагдан хоригдоод дөрөв хонож буй Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг суллуулахаар өмгөөлөгч нь шүүхэд хандаад байгаа юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.